Өмнөд Африкийн Лесотогийн вант улсын тэргүүн хатагтай асан Мэсаяа Табанег нөхрийнхөө өмнөх эхнэрийн амь насыг хороосон хэрэгт холбогдуулан баривчлан саатуулсныг цагдаагийн газраас мэдээлжээ. Тэрээр анх удаа уг хэрэгт буруутгагдан баривчлагдаж байгаа биш бөгөөд урьд өмнө ч мөн энэ хэрэгт холбогдон саатуулагдаж байсан юм.
Эх сурвалжид мэдээлснээр хатагтай Табанег энэ сарын 16-ны өдөр хүртэл саатуулах хууль эрхзүйн орчин бүрдсэн ажээ. Өнгөрсөн сарыг хүртэл улсын тэргүүн хатагтайн байр суурийг эзэлж байсан Мэсаяа Табанег 58 ам.доллараар батлан даалтад сулласан байсан ч хууль хяналтын байгууллага шийдвэрээ эргүүлэн татсан байна.
Тэргүүн хатагтай асныг Ерөнхий сайд асан Томас Табанегийн хуучин эхнэр Липолело Табанегийн амь насанд халдсан гэмт хэргийн гол захиалагч гэж үзэн өнгөрсөн хоёрдугаар сард анхны шүүх хурал нь болжээ. Липолелог 2017 оны зургадугаар сард Лесотогийн нийслэл Масеру хот дахь гэрийнх нь гадаа буудаж хороосон юм.
Цагдаа нар Мэсаяаг баривчлан саатуулах, хилээр гарахыг хориглох шийдвэр гаргасан байсан ч нэгдүгээр сард улс орноо орхин гарч, хоёрдугаар сард эргэн иржээ. Мөн өнгөрсөн сард Ерөнхий сайдын суудлаа тавьж өгсөн Томас Табанег цагдаагийн газраас шалгахыг хүссэн боловч Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрхийн хүрээнд боломжгүй ажээ. Олон сарын хугацаанд экс Ерөнхий сайдын хуучин эхнэртэй холбоотойгоор улс төрийн дарамт шахалт ирсээр байгаа ч Табанегийн гэр бүл хариу мэдэгдэл огт хийгээгүй юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.