СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-06-04

Эрүүл мэндийн мэдлэггүй хүмүүс өвчинд өртөмтгий байдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлхий хөгжиж, нийгэм өөрчлөгдөхийн хэрээр бид шинэ зүйлд суралцах, өөрт хэрэг болох, хор болох бүх л зүйлсийн тухай ядаж анхны ойлголттой болох хэрэгцээ, шаардлага зайлшгүй тулгардаг.

     Орчин үед өвөө, эмээ нар хүртэл утасны цаанаас камердаж, фэйсбүүкээс хэрэгтэй мэдээллээ гүйлгээд харчихдаг болсон байна. Энэ бүхэн та бидний шинэ мэдлэг юм. Тэгвэл бид яагаад эрүүл мэндийн мэдлэг, боловсролтой байх ёстой вэ.

Харин бидэнд эрүүл мэндийн суурь мэдлэг хэр байна вэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН СУУРЬ МЭДЛЭГ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хүн өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцах, мэдээлэл, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн шийдвэр гаргахад эрүүл мэндийн суурь боловсролтой байх нь хамгаас чухал юм. . Судалгаанд оролцогчдын 49 хувь нь эрүүл мэндийн ухуулга, сурталчилгааны материалыг ойлгоход бэрхшээлтэй гэж хариулжээ. Тэгвэл “Эрүүл мэндийн суурь мэдлэг багатай хүмүүс яаралтай тусламжийн тэргээр өвчин нь хүндэрсэн хойно эмнэлэгт ирдэг. Энэ нь ихэнхдээ эмнэлэгт хэвтэх хугацааг уртасгадаг, өгөгдсөн эмчилгээг дагадаггүй. Нас барах эрсдэл өндөр байдаг” гэдгийг эмч нар хэлж байна. 

ТА ЭМИЙН ЗААВРЫГ ХАРААД ОЙЛГОДОГ УУ?

Эмнэлэгт очиход энэ эмийг та өдрийн хоёроор уугаарай гэвэл та хэрхэн уух вэ. 12 цагийн зайтай хоёр удаа уух уу. Өглөө эсвэл өдөр хоёуланг нь давхарлаад уух уу. Та эмийн заавар, гаж нөлөөг нь уншаад бүрэн ойлгодог уу. Судалгаанаас үзэхэд эдгээр асуултад үйлчлүүлэгчдийн 40 хувь нь “Эмчийн өгсөн зааврыг ойлгодоггүй буюу дутуу ойлгодог” гэжээ. Мөн эмч нар хүүхдийн  шингэн эм уух тунг хэтрүүлэн өгөх хандлагатай байдаг гэжээ. АНУ-д гэрээс гадуурх эмчилгээг буруу хийснээс үүдэлтэйгээр найман минут тутам нэг хүүхэд бүртгэгддэг. Урьдчилан сэргийлж болох шалтгааны 70 хувь  нь эцэг эхчүүд эмийн тун, цагийг тохируулж чадаагүйгээс үүсдэг байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандаж буй хүүхдүүдийн аав ээжүүдийн гуравны нэг нь эрүүл мэндийн суурь мэдлэггүй байдаг гэж хариулсан байна.

ӨВЧНӨӨ ХҮНДРҮҮЛЭХ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛТОЙ ХОЛБООТОЙ

Таргалалт нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдрын гол эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн суурь боловсролгүй байдал нь хүүхдийн өвчлөл, хүүхдийн өвчнийг хүндрүүлэхэд шууд нөлөөтэй гэдгийг эмч нар тайлбарлаж байна.

Тиймээс энэ удаа  бид “Эрүүл мэндийн мэдлэг, боловсрол гэж юуг хэлэх вэ. Монголчуудын эрүүл мэндийн боловсрол хэр байна вэ. “COVID-19” вирусын үед монголчууд эрүүл мэндээ сайн хамгаалж чадаж байна уу” гэсэн асуултыг эмч, мэргэжилтнүүдээс асуусан юм.

Монголчуудын эрүүл мэндийн боловсрол хэр байна вэ?

 

АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Ж.Цолмон: ЭРҮҮЛ МЭНД БҮХ ТАЛААРАА САЙН САЙХАН БАЙХЫН ЦОГЦ НЭГДЭЛ

-Эрүүл байна гэдэг өнөөдөр өвдөх өвчингүй байхыг хэлдэггүй. Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээл гаргах чадвартай, амьдрал буюу аж байдал нь хүрэлцээтэй, сэтгэл санааны амгалан тайван, сайн сайхан байхын чухал хэрэгцээ юм. ДЭМБ “Эрүүл мэнд гэдэг зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхын цогц бүрдэл мөн” гэж томъёолсон байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн асуудлыг зөвхөн бие бялдрын хувьд эрүүл, өвчин эмгэггүй байхаас илүү өргөн хүрээнд цогцоор нь авч үздэг. Олон улсын түвшинд хийсэн нэгэн судалгаагаар, хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлдэг хүчин зүйлсийг эерэг болон сөрөг аль ч утгаар нь 100 хувь гэж үзвэл гадаад орчны хүчин зүйлс 20-25, удамшлын буюу дотоод хүчин зүйлс 20-25,  эрүүлийг хамгаалахын буюу эмнэлэгийн хүчин зүйл 10-15 хувь, үлдсэн 50 орчим хувь нь тухайн хүний зан үйл, амьдралын хэв маягаас хамаарна. Хэрэв бид хичээвэл 85 хувь өөрсдийгөө эрүүл байлгах боломж бидний гарт байна гэсэн үг юм. Иймд эрүүл мэндийн боловсрол зайлшгүй шаардлагатай.

Эрүүл мэндийн боловсрол нь иргэдэд орчны эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, сэтгэл, оюун санаа, бие бялдрын эрүүл мэндийн мэдлэгийг олгож, хувь хүмүүст эрүүл мэндээ хэрхэн дэмжих, хадгалах, засах арга барилд сурах зарчмыг насан туршид нь суулгаж өгдөг боловсрол юм.

ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач эмч С.Өлзийжаргал:ЭМЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙГ АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

-Хүн амын эрүүл мэндийн боловсролыг өргөн хүрээнд ярих асуудал юм. Яагаад гэвэл эрүүл мэндийн байгууллагуудаас хүн амд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийг бүхий л чиглэлээр тогтмол зохион байгуулж явуулдаг. Энэ зөвлөгөө мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлэн хэвшүүлж дадал болгох тал дээр  учир дутагдалтай байдаг. Энэ өвчлөл гарахаас өмнө томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын өвчлөл, утаанаас сэргийлж амны хаалт тогтмол зүүж, гарын ариун цэврийг сахих талаар сурталчилгаа зөвлөмжийг тогтмол явуулж байхад хүн бүр хэрэгжүүлдэггүй байсан. Харин өвчлөл гарсантай холбоотойгоор хүн бүр өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ  хамгаалахын тулд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж зөвлөгөөг биелүүлж амны хаалтыг тогмол зүүж, гарын ариун цэврийг сахидаг болж байна. Халдварт өвчнүүд нь ихэвчлэн  агаар дуслын замаар буюу амьсгалаар, ахуйн хавьтлын замаар, хоол боловсруулах замаар  дамжин халдварладаг. Иймээс  коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд хэрэгжүүлж байгаа  гарын ариун цэврийг сахих дадлаа өдөр тутамдаа байнга хэвшүүлбэл бүх л халдварт өвчнөөс сэргийлж чадна.

 

Эрүүл мэндийн дэд сайд асан, хүний их эмч Ж.Амарсанаа: МОНГОЛЧУУД ЭРТНЭЭС ЭРҮҮЛ АМЬДРАХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЖ БАЙЖЭЭ

-“COVID-19” халдварын үед улс орнуудын соёлын ялгаа тод харагдаж байна. Жишээ нь, Азийн улс орнууд ялангуяа, олон жил комминуст дэглэмтэй явсан улс орнууд хөл хорионы дэглэмийг сайн сахиж байна. БНХАУ одоо ч коммунист дэглэмтэй. Аливаа хууль, дүрэм журмыг иргэд нь тууштай баримталдаг. Монгол Улс ч бас нэг намын удирдлага дор 60-70 жил явсан. Социализмын үеийн сэтгэлгээтэй учраас төр, засгаас өгч буй тушаал шийдвэрүүдийг сайн дагаж, биелүүлж байгаа нь харагдаж байна. Монголчууд эрт цагт эрүүл мэндийн том соёлтой, эрүүл амьдрах хэв маягийг их төлөвшүүлж байж. Тухайлбал, монгол айлын ам бүлийн хүмүүс гэртээ тус тусын аягатай, аягаа хоорондоо сольдоггүй. Ирсэн зочинд зориулсан аяга нь хүртэл тусдаа байдаг. Өөр хүний аяганаас иддэггүй, өөрийнхөө л аяганаас иддэг. Айлд очихдоо  аяга, аяганы алчуур, уут гурвыг заавал авч явдаг байсан.

Энэ нь цаанаа элдэв халдварт өвчин тархах үндсийг хааж байгаа эрүүл ахуйн ач холбогдолтой заншил байжээ. Тиймээс бид энэ соёл, зан заншлаа сэргээж дээдэлбэл энэ нь нийгмийн эрүүл мэндийн том соёл. Ялангуяа, халдварт өвчний үед энэ соёл нь хүн болгон эрүүл байхад чухал үүрэгтэй гэж бодож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.