БНХАУ-ын “Geely” компанийн эзэмшдэг дээд зэргийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Polestar”, “Tesla” компанийн “Model 3”-тай өрсөлдөх автомашинаа зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөн, тус улс дахь үзэсгэлэнгийн танхимуудаа өргөжүүлэх гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгчид шинэ загварын нээлтийн үеэрээ үзэсгэлэн буюу “showroom”-ийн давуу байдлаараа бие биеэсээ ялгарч байна. Ирэх долдугаар сараас эхлэн Хятадад “Polestar 2” маркийн цахилгаан седаныг худалдаалахаар төлөвлөж байгаа “Polestar” компани одоогоор Бээжин хотод нэг үзэсгэлэнгийн танхимтай. Цаашид 20 үзэсгэлэнгийн танхимтай болохоор төлөвлөж байгаа бөгөөд тэдний ихэнх нь энэ оны гуравдугаар улиралд нээгдэх гэнэ.
Ихэнх уламжлалт автомашин үйлдвэрлэгчид дилерүүдээр дамжуулан автомашинаа борлуулдаг бол “Polestar” брэнд автомашинаа үйлчлүүлэгчдэд шууд зарах юм. Энэ бол мөн “Tesla”, “Nio Inc” болон “Xpeng Motors” зэрэг бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн баримталдаг стратеги билээ.
Үйлчлүүлэгчдэд шууд борлуулснаар үйлдвэрлэгчид автомашины үнэ, түүний үйлдвэрлэл болон нөөцийг илүү сайн зохицуулах боломжтой болдог. Гэвч тэд өөрсдийн өмчит үзэсгэлэнгийн газруудтай болох шаардлагатай байдаг тул нэмэлт зардал гардаг аж.
БНХАУ-д “Tesla” компани 50 гаруй үзэсгэлэнгийн танхимтай бол “Nio Inc” 110 орчим байрлалд үзэсгэлэн эрхэлдгээс зарим нь түншүүдийнх нь өмч аж. Харин “Alibaba”-гийн хөрөнгө оруулалттай “Xpeng Motors” одоогоор 150 орчим үзэсгэлэнгийн газартай бөгөөд энэ оны эцэс гэхэд 200 гаруй салбартай болохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.