СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-03

12 настай охины дээрээс савлуур унаж, гавлын яс нь цууран, тархинд нь цус хуржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

“Тоглоомын талбайд тоглож байсан 12 настай охин хүнд бэртэж, сэхээнд орлоо” гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тодруулбал, тавдугаар сарын 31-нд Баянгол дүүргийн XV хорооны 23 дугаар байрны тоглоомын талбай дээрх савлуур унаж, 12 настай охины гавлын яс цууран, тархинд нь цус хуржээ. Бид охины тоглож байгаад гэмтсэн гэх тоглоомын талбайд очиход эвдэрч, унасан тоглоомуудыг авсан байлаа.

. Харин шинээр төмөр арамтай, хуванцар хэд хэдэн тоглоом байрлуулсан байв. Савлуур, гулсуурын доод талд хүүхэд бэртэж гэмтэхээс хамгаалах зориулалтын зөөлөн дэвсгэр тавих ёстой атал харин бүр тэгэхээс тэг гэсэн шиг том том ширхэгтэй хайрга дэвсжээ. 

ТОГЛООМЫН ТАЛБАЙД СӨХ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ

Хүүхдийн тоглоомын талбайд анхан шатны хяналт тавих ёстой хүмүүс бол тухайн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч. Бид хэрэг болсон тоглоомын талбайд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар тус хорооны Засаг даргаас тодруулах гэсэн боловч дүүрэг дээр хуралтай байгаа гэсэн шалтгаанаар байхгүй байлаа. Харин тус хорооны зохион байгуулагч н.Баярмаа энэ талаар ”Бид “Ковид-19”-тэй холбоотойгоор хяналт, шалгалт сайн хийж байгаа. Манай олон нийтийн албаныхан хоёр цаг тутам тоглоомын талбайд эргүүл хийж байна. Тоглоомын талбайн арчлалт, хамгаалалтыг тухайн байрны СӨХ хариуцах ёстой. Өчигдөр (уржигдар) энэ талаар мэдээлэл цахим орчинд цацагдахад л мэдсэн. Тоглоомын талбайд бэртсэн хүүхдийн албан ёсны мэдээлэл одоохондоо алга.

Аль байрны, хэдэн настай, ямар хүүхэд гэдгийг бид мэдэхгүй. Бид хүүхдийн биеийн байдлыг мэдэх гээд асуулгасан боловч мэдээлэл олдоогүй. Ямар сайндаа ГССҮТ-өөс “Толгой дээр нь төмөр унаад, хүнд бэрсэн хүүхэд танайд очсон уу” гэж асуухад “Одоогоор тийм хүүхэд манайд ирээгүй” гэж хэлсэн” хэмээв. Хорооных нь байрнаас хорь хүрэхгүй алхмын зайд байрлах тоглоомын талбайд хүүхэд бэртчихээд байхад тэдэнд үүнээс өөр мэдээлэл байсангүй. Хүүхдийн тоглоомын талбай шаардлага хангасан, эсэх талаар мэдээлэл өгөх ч хүн тус хороонд алга. Тус хэсэгт хяналт, шалгалт тавих ёстой хэсгийн байцаагч нь “Бид хяналтаа тавьж байгаа” гэдгээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Хэрэв зохих ёсны дагуу хяналт, шалгалт хийж байсан бол хүүхэд хаанаас бэртэх билээ. 

ТОГЛООМЫН ТАЛБАЙД СӨХ ХЯНАЛТ ТАВИХГҮЙ

Хорооны ажилтны хэлсэнчлэн тус тоглоомын талбайг СӨХ хариуцах ёстой. Бид “Чингэлтэй” СӨХ-ны дарга Г.Очирбатаас энэ талаар тодруулахад “Хэргийн талаар өчигдөр (уржигдар) өглөө мэдсэн. Хүүхдийн дээрээс унасан тоглоом нь гулсуур, савлуураас бүрдсэн. Савлуурын хөндлөн төмөр унасан гэсэн. Манай байрны тоглоомын талбайд өнгөрсөн оноос хойш засвар хийж байгаа. Хуучин тоглоомуудыг нь будаж, янзалж, шинээр савлуур, гулсуурын иж бүрэн хоёр хуванцар тоглоом угсарч эхэлсэн. Ашиглалтад ороогүй учраас хүлээж аваагүй байгаа. Манай СӨХ-ны байцаагч тухайн тоглоомыг угсарч байсан компанийнханд удаа дараа шаардлага тавьж байсан. “Хүүхэд бэртэж, гэмтэхээргүй чанартай зүйл хийгээрэй” гэж хэлсэн. Шинээр тавьж байгаа тоглоом саяхан эвдрээд, нөгөө компанийнхан ирж янзалсан юм билээ” гэв. 

Харин тус СӨХ-ны байцаагч н.Туяа “Тендэрээр шалгарсан компани нь “Бид өөрсдөө тавьсан тоглоомоо жилийн хугацаанд хариуцна” гэж хэлсэн. Би СӨХ-ны зохион байгуулагч учраас тоглоомыг угсарч байхад нь “Түмний хүүхэд бэртээхгүй байх талаас нь анхаараарай” гэж шаардлага тавьсан. Биднийг тоглоомын талбайг хүлээж аваагүй байхад ийм хэрэг гарлаа. Бэртсэн хүүхэд манай 23а байранд амьдардаг гэсэн мэдээлэл бидэнд бий. Мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас нарийн мэдээллийг хэлж болохгүй гэсэн. Манай таван байрны 2000 гаруй хүүхэд тус тоглоомын талбайд тоглодог.

Бид тус тоглоомын талбайд хяналт тавих ёсгүй. Тендэрт шалгарсан компанийнхан хийж байгаа зүйлээ дуусгаад, манайд бүрэн гүйцэд хүлээлгэж өгөхөд нь хүлээж авах ёстой” гэв. Хороо, СӨХ хоёрын аль аль нь тоглоомын талбайд хяналт тавихгүй ёсгүй гэж байр суурь илэрхийллээ. Харин оршин суугчдын ярьж буйгаар “Эхэлсэн нь мэдэхгүй, дууссан нь тодорхойгүй тоглоомын талбайн ажил хаваржин үргэлжилж байна. Хэрэг гарсны маргааш нурсан тоглоомууд нь байсан. Харин түүний дараагийн шөнө нурж унасан тоглоомуудыг аваад явчихсан. Тоглоом ч гэж эрэг, боолтгүй хэдэн төмөр авчирч тавиад, хоёр сар болоод, эцэст нь хүүхэд бэртчихлээ” гэлээ. 

БЭРТСЭН ОХИНЫ ААВ Ё.ШҮРЭНЧУЛУУН: ОХИН МААНЬ ГССҮТ-Д ХӨДӨЛГӨӨНГҮЙ ХЭВТЭЖ БАЙНА

Бид ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа Ш.Анужин охины аав Ё.Шүрэнчулуунтай холбогдож, чухам юу болсон талаар тодрууллаа. 

-Тухайн өдөр юу болсон юм бэ. Охин нь ганцаараа тоглож байсан юм уу? 

-Миний охин Ш.Анужин эмээ, дүү хоёртойгоо цуг салхилахаар тавдугаар сарын 31-ний 18:00 цагийн үед гэрээсээ гарсан. Тухайн хэрэг хэрэг 19:00 цаг жаахан өнгөрч байхад болсон гэсэн. Манайх хэрэг гарсан тоглоомын талбайтай байранд амьдардаггүй хэдий ч хүүхдүүд маань тэнд салхилахаар очдог юм. Авто замаас хол учраас амьхандаа аюулгүй гээд хөгшин настай ээж маань тийшээ манай багыг түрээд, томыг маань дагуулаад очсон гэсэн.

Дүүг нь унтуулах гээд тэрэгтэй нь түрээд явж байтал том охин маань тоглоомын талбай руу тоглохоор гүйсэн байгаа юм. Хүүхэд болсон хойно тэрүүгээр гүйж, харайж яваад шинэ тавьсан гулсуур, савлуур дээр тоглож л дээ. Гэтэл тоглоод удаагүй байтал өнөөх нь унаж, толгойг нь цохиж, ухаан алдаж унасан гэж эмээ нь хэлсэн. Охин маань “Шинэ тоглоомын талбай учраас тоглосон. Тоглоод удаагүй, ганц, хоёрхон савлаад л нураад уначихсан” гэсэн. 

-Түргэнийнхэн хэдэн цагийн үед ирсэн бэ?

-Охиныг унах үед ээж маань хажуу талынх нь сандал дээр сууж байсан. Сандраад гүйгээд очиход нь охины ухаан балартчихсан, босож чадахгүй байсан гэсэн. Савлуурын хөндлөн төмөр толгой дээр нь унасан байгаа юм. Тэгээд охиныг сандал дээр хэвтүүлээд, арай дээрдэхээр нь дагуулаад гэртээ ирсэн. Толгой, тархи нь хагарч, дух, нүүрнээс нь цус гараагүй болохоор тэр хэд түргэн дуудаагүй юм билээ. Гэртээ ирээд энэ талаар надад утсаар хэлсэн. Би ч ажлаасаа ум хумгүй иртэл охин маань зогсоо зайгүй бөөлжөөд, шоконд орсон байдалтай байсан. Тэгээд шууд ГССҮТ-д өөрсдөө очиж, охиноо үзүүлсэн юм. 

-Одоо охины тань биеийн байдал ямар байгаа вэ? 

- юм билээ. Эмч нар гавлын яс нь цуурч, тархинд цус хурсан гэдэг онош тавьсан. Анх эмнэлэгт хүнд төмөрт даруулж, бөөлжөөд байна гэсэн зовиуртай очиход эмч нар “Бөөлжөөд байвал тархиндаа гэмтэл авсан, эсвэл цус хурсан байж магадгүй. Мөн яс нь цөмөрч, цуурахад иймэрхүү шинж тэмдэг илэрдэг юм. Танай хүүхдэд эдгээр шинж тэмдгээс 1-2 нь илэрч байна. Тийм болохоор тархины зураг яаралтай авна. Ар гэрийнхэн нь эмнэлгийн үүдэнд хоёр цаг ажиглалтын байдалтай хүлээж бай” гээд охиныг дугуулаад орсон. Гэтэл ороод хоёр цаг ч болоогүй 40 минутын дараа эмч утасдаж “Яаралтай өрөө рүү ороод ир. Хүүхэд чинь хүнд гэмтсэн байна. Эмнэлэгт хэвтүүл” гээд дамнуурга дээр хэвтүүлээд, тасаг руу аваад орсон. 

-Охин нь хоол унд идэж чадаж байгаа юу?

-Эмээ нь эмнэлэгт сахиж байгаа. Хоолыг амны халбагаар бага багаар халбагадаж өгч байна. Анх эмнэлэгт ямар байдалтай очсон яг тэр хэвээрээ байгаа. Биеийн байдал нь дээрдэхгүй байна. Гэхдээ юм ярьж чадаж байгаа. Шинэ тоглоом болохоор нь сонирхоод тоглосон юм билээ. Хэн ингээд хүнд бэртчихнэ гэж санах билээ дээ.

-Цаашид гарах сөрөг нөлөө зэргийг эмч нар хэлсэн үү?

-Энэ талаар эмч нартай ярилцаж амжаагүй байна. Ямар ч гэсэн эмчилгээгээ хийлгээд, хагалгаанд орох эсэхээ шийднэ. Тархи, толгойнд хамгийн сайн гэсэн бүх эм, тариаг гаднаас авч охиндоо хийлгэж байгаа. Ил харагдах шархгүй болохоор бид эхлээд айгаагүй юм. Гэтэл эмнэлэгт очоод үзүүлэхэд дотуур битүү гэмтэл гэж хэлсэн болохоор цаашид яах бол гэж айж байна” гэв.

Бид Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон тухайн тоглоомын талбайн тоглоомуудыг шинэчилж, засаж байгаа компаниас хэргийн талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Ганцхан сарын өмнө есөн настай охин тоглоомын талбайд тоглож байгаад төмөр гулсууранд даруулж уушгиа тайруулсан хэрэг гарсан. Хүүхэд хаана ч аюулгүй тоглох эрхтэй. Харин томчууд, нийслэлийн удирдлагууд аюулгүй байдлыг нь хангах учиртай.

Хамгийн аюулгүй байх ёстой тоглоомын талбайд хүүхдүүд энэ мэтээр гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсоор байх уу. Хүүхдийн тоглоомын талбайныхаа стандартыг нэг эргээд хараач. Тоглоом нэртэй хэдэн эвдэрхий төмөр овоолж, багачуудынхаа амь насаар туг тахихаа болих болоогүй юм уу.

Д.Чанцалдулам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.