Коронавирусийн халдварын тархалтын үед ард иргэдийн сэтгэлийг сэргээхийн тулд Японы эрх баригчид нууц байрлалуудаас салют буудуулж гэнэтийн бэлэг барьжээ. Хэд хэдэн нууц байрлалаас орон нутгийн цагаар 20:00 цагт галын наадам хийсэн байна. Зохион байгуулагчид иргэдийг олноор цугларахаас сэргийлж ердөө таван минутын турш салют буудуулжээ.
Цар тахлын улмаас хорио цээр тогтоосноор хавар, зуны баярууд, тэр дундаа Токиогийн Олимпийн наадам цуцлагдсанаар эдийн засгийн хүндрэл бэрхшээл тулгарч, бизнесүүд түр зогсолт хийсэн билээ. Японы ард түмний зуны дэлгэр цагт өргөн хүрээнд тэмдэглэдэг Ханаби буюу галын баярыг ч мөн цуцалсан тул эрх баригчид “Ханабийг зоригжуулья” гэсэн нэртэй уг төслийг хэрэгжүүлжээ.
Эхэндээ галын наадам хийх товыг нууцалж байсан ч өмнөхөн мэдээлэл өгснөөр зарим иргэд галын наадам үзэхээр голын эрэгт цугласан бол зарим иргэдийн хувьд гэнэтийн баяр болсноор гэрээсээ, хотын гудамжнаас харсан байна. Хэдийгээр галын наадам коронавирусийг устгаж чадахгүй ч иргэдэд итгэл найдвар төрүүлнэ гэж үзжээ.
Өнгөрсөн сарын сүүлээр Япон улс орон даяар зарласан онц байдлаа бүрэн цуцалсан юм. Засгийн газраас ард иргэдэд хандан халдварын хоёр дахь давлагаанаас сэргийлж амьдралын цоо шинэ хэв маягт зохицон амьдрахыг уриалж байна. Тус улсад коронавирусийн халдварын 17,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 900 хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.