"Манчестер Юнайтед"-ийн академид ирээдүйтэй өсвөр үеийн довтлогч байсан Рори Кортис 2012 оны наймдугаар сард автомашины осолд орон, команд оржээ. Түүний аарцаг цууран, тохой нь хугарч, цус харваж, тархиндаа хүнд гэмтэл авсан байна.
Харин комноос сэрэхдээ тэрбээр өөрийгөө хаана байгааг мэдээгүй гэнэ. Яаж эмнэлэгт ирснээ ч санаагүй аж. Зургаан өдрийн дараа ухаан орсон Рори нүдээ нээгээд, ярьж эхлэхэд түүний амнаас франц үгнүүд урсаж эхэлжээ. Ердөө дунд сургуульдаа сурч байсан франц хэлийг тэрээр ослоос өмнө аль хэдийн таг мартсан байсан юм.
Тэрбээр францаар маш чөлөөтэй, төгс аялгаар ярьсан тул түүнийг асарч байсан франц хэлтэй сувилагч ааваас нь Рориг Францын аль хэсгээс ирсэн бэ гэж асуусан байна. Гэвч Роригийн франц хэл удаан үргэлжилсэнгүй, зүүдний дурсамжтай адил францаар ярих чадвар дорхноо алга болжээ.
“Үүнийг өөрийн нүдээр харсан аав маань судалгаа хийсэн. Кортисийн гэр бүл Францын Нормандигын газар нутгаас гаралтай, гэхдээ энэ бол 1800-аад оны үеийн хэрэг. Хэрэв YouTube дээр миний нэрийг хайж үзвэл хүний тархи үе удмын мэдлэгийг хадгалж чаддаг гэх онолууд ихээр гарч ирдэг. Галзуу хэрэг шүү” хэмээн Рори Кортис ярьсан байна.
Гэнэт францаар ярихаас гадна ослын дараа тэрээр өөрийгөө 10 настай гэж бодох болжээ. Рори ээжээсээ гэр бүлийн нохойныхоо талаар асуухад ээж нь түүнд нохой нь олон жилийн өмнө нас барсан гэдгийг хэлсэн гэнэ.
Үүнийг сонсоод түүний сэтгэлзүйн нас хэдэн жилээр урагшлан, өөр мэдээллүүдийг бага багаар ухаарсаар одоогийн насан дээрээ ирсэн байна. “Ээжийг нохойны талаар хэлсэн даруйд би ойлгосон. “Өө, тийм ш дээ, би чинь юу бодоод байна аа?” гэж бодогдсон. Үүний дараа би өөрийгөө 12 настай гэж бодсон. Миний тархи, ой санамж алхам алхмаар учраа олж байсан” гэв.
Мөн тэрээр хэсэг хугацааны турш өөрийгөө Холливудын жүжигчин Мэттью Макконахи гэдэгт итгэж, дараагийн киноныхоо зураг авалтад эргэн орохыг тэсэн ядан хүлээж байжээ. Рори толинд харахдаа хэн рүү харж байгаагаа мэдэхгүй байсан гэнэ.
Осолд орсноос гурван сарын дараа Рори эмнэлгээс гарахдаа тэргэнцрээс босож чаддаггүй бөгөөд маш богино хугацааны ой санамжтай болсон байж. Тэрээр 15 минут тутамд өдрийн тэмдэглэлдээ бүх үйлдлээ тэмдэглэн, тэр өдөр аль хэдийн усанд орж, өдрийн хоолоо идсэн гэдгээ өөртөө сануулдаг байв.
Эмч нар түүнийг хэзээ ч өмнөх шиг ээ чөлөөтэй хөдөлж чадахгүй, түүний тархи бүрэн үйл ажиллагаандаа буцан очих боломжгүй гэж үзэж байжээ. Тэд гэр бүлд нь түүнийг хэзээ ч өөрөө хувцсаа өмсөж чадахгүй гэж хэлсэн хэдий ч Рори нэг жилийн дотор бүрэн эдгэрсэн аж. Гайхалтай нь тэр 2013-14 оны улирлын үеэр хагас мэргэжлийн хөлбөмбөгийн багт тоглож эхэлсэн байна.
Эх сурвалж: BBC Sport
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.