Коронавирусийн халдварын тохиолдлоор дэлхийд хоёрдугаарт орж буй Бразил улсад тус халдварын улмаас 32 хоногийн турш комад байсан таван сартай нярай эдгэсэн баярт мэдээг дуулгажээ. Нярай эдгэснээр гэртээ харьж, гэр бүлтэйгээ хамт зургаан сар хүрсний баяраа эрүүл энх тэмдэглэхээр болсон байна.
Рио де Жанейро хотын Про Кардиако эмнэлэгт хэдхэн сартай бяцхан Дом нэртэй хүү Ковид-19-ийн халдвар авсныг оношилжээ. Тэр эмнэлэгт 54 хоногийг өнгөрүүлсний 32 хоногт нь комад орж, амьсгалын аппарат залгуулсан байна.
Хүүг амьсгалж чадахгүй болсны дараа эмч нар нянгийн халдвар авсан гэж бодож эмчилгээ хийсэн ч үр дүнгээ өгөлгүй, биеийн байдал нь улам муудсан байна. Тиймээс эмнэлгээ сольж Про Кардиакод ирж оношлуулахад корнавирус илэрчээ. Бяцхан нярай хэрхэн хаанаас Ковид-19-ийн халдвар авсан нь тодорхойгүй хэвээр үлдсэн байна.
Эцэг эхийнх нь таамагласнаар тэд хамаатныхаа гэрт зочлох үеэр халдвар авсан байж болзошгүй. Хүүгийн аав Андраде, ээж Вивиане нар Домыг халдварт тахлыг дийлж эдгэсэн нь ид шид хэмээн баярлаж буйгаа хуваалцсан байна. Дом энэ сарын 14-ний өдөр хагас ой хүрч байгаа юм.
Бразил улсад коронавирусийн улмаас нас барсан 30,000 орчим иргэний дунд ой хүрээгүй 25 нярай бүртгэгджээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.