Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нд “Дэлхийн тамхигүй өдөр” болгон зарласан бөгөөд энэ өдөр улс орнууд тамхины хор уршгийн талаар иргэддээ таниулан сурталчилдаг.
Энэ жилийн хувьд Тамхины талаар үнэнийг илчилье! гэсэн уриан дор иргэдэд тамхины талаарх үнэн зөв мэдээллийг хүргэж байгаа юм.
Тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон түүнээс үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгийн талаар өсвөр үеийхэнд сурталчилан таниулахад оршдог. ДЭМБ-ын мэдээлснээр, тамхины улмаас дэлхий даяар жил тутам 8 сая хүн нас бардаг бөгөөд 780 мянга гаруй нь дам тамхидалтад өртсөн байжээ.
Харин Их Британи улс 1984 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын эхний лхагва гарагийг тамхи татахгүй байх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тамхи татдаггүй хүмүүс ч дам тамхидалтад өртөж уушгины хавдраар шаналах болсныг ДЭМБ-аас гаргасан судалгаа нотолж байна. Тамхинаас гарах нь уушгины хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг бөгөөд 10 жил тамхи татаагүй хүний уушгины хавдар үүсэх эрсдлийг тогтооход 50 хувиар буурсан байжээ.
Дашрамд дуулгахад, ДЭМБ-ын судалгаагаар өнөөдөр хөгжингүй улс орнуудын иргэдийн тамхины хэрэглээ эрс буурах болсон бол хөгжиж буй болон ядуу буурай орнуудын иргэдийн тамхины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.