ЭМЯ-наас ковид-19 өвчний асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.
Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Коронавирус дэлхийн 216 орны 6 сая 23 мянган хүнд халдварлаад байна. Одоогоор эдгэсэн хүний 3 сая хүрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 4000 гаруй хүн уг өвчнөөр нас барж, 120 мянган шинэ халдвар илэрлээ. Манай улсад 4 хүнээр ажиглалтад орсон. Орон нутгийн замд зорчиж буй 4300 гаруй хүнд тандалт шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнгүй.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8500 тохиолдол бүртгэгдэж, 240 хүн нас барлаа. БНСУ-д дахин халдвар дэгдэж, 27 тохиолдол дотоодоос илэрч, 12 хүн тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Халдвар дахин тархсантай холбоотойгоор Сөүл хотын 519 сургуулийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах:
Манай төв Засгийн газрын тогтоол, УОК-ын шийдвэр тушаалын дагуу бэлэн байдлын түвшинд ажиллаж байна. Цэргийн төв эмнэлгийг суллаж, коронавирусийн халдварыг эмчлэх зориулалтаар ашиглаж байгаа учраас тухайн эмнэлэгт авдаг байсан өвчтөнүүдийг манайх авдаг болсон. Яг одоогоор 147 хүний бүрэлдэхүүнтэй өндөржүүлсэн байдлын баг, 50 орыг бэлэн байдалд бэлтгэн ажиллуулж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд резидент эмч нар үйлчлүүлэгчдийн халууныг хэмжин урьдчилсан хэмжилтийг 24 цагийн турш авч ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ-ийн салбар лабораторид 47 хүнээс шинжилгээ авлаа. Өнөөдөр дахин нэг хүн эдгэрч дараагийн сувилалд шилжлээ. Шинээр эдгэсэн оюутан маань 48 хоногийн турш эмчлүүлж эдгэсэн. Батлагдсан тохиолдлоос 135 хүн эмчилгээ хийлгэж байна. Үүний 115 нь хөнгөн, 10 хүн нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийтдээ 250 орыг бэлтгэж бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.