ОХУ даяарх ихэнх далайн эрэг, наран шарлагын газрууд долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээгдэж магадгүй гэж Төрийн Думын Биеийн тамир, спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудал эрхэлсэн хорооны дарга Михаил Дегтярев “Парламентын сонин”-д өгсөн ярилцлагадаа хэллээ.
Тус улсын аялал жуулчлалын улирал яасан ч байсан эхэлнэ хэмээн онцолсон тэрээр "Хэдий бид тодорхой хязгаарлалт, цагийн хуваарьтай тулгараад байгаа ч бүс болгоны наран шарлагын газар, амралтын газруудыг нээх шийдвэрийг халдварын нөхцөл байдалд үндэслэн шийдвэрлэнэ" гэв.
Түүнчлэн тэрээр гадаадын нислэгүүд одоогоор аюултай байгаа тул дотоодын аялал жуулчлалыг дэмжсэнээр Оросын аялал жуулчлалын салбарыг сэргээх боломжтой гэж үзэж байгаа юм.
Үүнээс өмнө Шадар сайдын орлогч Дмитрий Чернышенко эрх баригчид энэ зуны эхний хагаст дотоодын аялал жуулчлалыг аюулгүй байдлыг ханган, хяналттайгаар эхлүүлэхийг зорьж байгааг мэдэгдсэн. Ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн Засгийн газраас тус салбарын хязгаарлалтыг үе шаттайгаар, болгоомжтойгоор цуцалж эхлэх гэнэ. Эхний шатанд эмнэлгийн тусгай зөвшөөрөлтэй сувиллын газрууд нээгдэх бөгөөд одоогоор зочид буудал, амралтын газар, усан онгоцны аялал, наран шарлагын газруудын нээлтийн журмыг боловсруулах ажил хийгдэж байна.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.