ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа П.Цэрэндоржоор ахлуулсан тус ангийн 26 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Төв аймгийн Баянжаргалан суманд энэ сарын 22-27-ны өдрүүдэд ажиллажээ.
Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг тус бүлэг Төв аймгийн Баянжаргалан сумын хэсгийн төлөөлөгчийн “Манай суманд тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл байна” гэсэн мэдээллийн дагуу ажилласан байна.
ЗХЖШ-ын даргын тушаалаар хоёр удаагийн томилгоот бүлэг тус сум оронд ээлжлэн ажиллаж, нийтдээ 300 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг илрүүлэн, устгалд оруулж, аюулгүй болгожээ.
Энэ талаар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа П.Цэрэндорж ийн ярьжээ:
-Сумын иргэдийн өгсөн мэдээллийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар анх ЗХЖШ-ын АУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ажилласан. Нэлээд тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг олж илрүүлэн устгалд оруулсан. Энэ нь хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан газар юм.
Тиймээс дахин хайгуул хийх шаардлагатай гэж үзээд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийг тав хоногийн хугацаатай тухайн сум орон нутагт үргэлжлүүлэн ажиллууллаа. Манай бүлэгт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисэхийн зэвсэглэлийн инженер, хошууч М.Ганзоригт хамт ажилласныг дурдах ёстой.
Бид таван хоногийн хугацаанд ажиллахдаа 234 тэсэрч дэлбэрэх галт хэрэгслийг олж илрүүлэн устгалд оруулсан. Өөрөөр хэлбэл, “АО-150”, “ПОАБ-100ПС”, “ФАБ-250”, “ОФАБ-250”, “ПТАБ-250” загварын байлдааны онгоцны бөмбөгнүүд болон байлдааны бусад сум, галт хэрэгслүүдийг илрүүлж, устгасан.
Сум орон нутгийн иргэд тухайн газар районоор зорчихдоо, малаа бэлчээрлүүлэхдээ маш их болгоомж, сэрэмжтэй байх ёстой. Хэдий бид өндөр ачаалалттайгаар олон тооны тэсэрч дэлбэрэх зүйлийг устгасан ч дахин үзлэг, хайгуул хийх шаардлага бий. Ийм ч учраас Баянжаргалан сумын ард иргэдэд нь хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн ангийн районы орчмоос тэсэрч дэлбэрч болзошгүй галт хэрэгсэл таарвал хөндөж оролдохгүйгээр сумынхаа удирдлагуудад яаралтай мэдээлэх хэрэгтэй.
Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр, Баянжаргалан сумын Засаг дарга Г.Бямбацогт болон сумын иргэд манай сапёрчдод тусгайлан талархал илэрхийлж, баяр хүргэсэн. Сапёрчдын ур чадварыг үнэхээр бахдаж байсныг хэлэх нь зүйтэй байх. Манай залуус ч мэргэжлийн өндөр түвшинд сайн ажилласан. Манай бүлгийнхэн 234 тэсэрч дэлбэрэх галт хэрэгслийг 13 удаагийн тэслэлтээр аюулгүй болгосон ба ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг чанд мөрдөж, устгалыг явуулсан юм.
Эх сурвалж: ЗХЖШ, Ахлах дэслэгч Д.Болормаа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
аймаар юм бэ