СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонгконг дахь "сайн дурынхны марш"

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хонгконг дахь эрх баригчдын эсрэг эсэргүүцлийн арга хэмжээг дарах нь Бээжингийн томоохон зорилт болоод зогсохгүй үүнд орон нутгийн удирдлага ч хүч хавсарч эхэллээ. Тавдугаар сарын 28-нд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын дүнд батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын тухай” хуулийг Хонгконгийн парламент хэлэлцэж байна. Японы түрэмгийллийн үед зохиогдсон “Сайн дурынхны марш” дууллыг хүндэтгэх заалт зарим иргэний хувьд “хачирхалтай” санагдаж байна.

Түүнээс гадна түүхийг гуйвуулж буйтай тэмцэх зорилгоор Хонгконг боловсролын салбарт шинэчлэл хийж, хичээлийн хөтөлбөрүүдийг Хятадын стандарттай дүйцүүлэх шийдвэр ч мөн адил. Товчхондоо, Британийн колони асан, 1997 онд Хятадын тусгай захиргааны бүс болсон Хонгконгод нөхцөл байдал хурцдаж магадгүй болов. Анх эх газрын мэдэлд шилжихдээ байгуулсан гэрээнд зааснаар “Нэг улс- Хоёр систем” зарчимтай Бээжингийн баталсан “Үндэсний аюулгүй байдлын тухай” хууль харшилдаж, тусгай захиргааны бүсийг эрх чөлөөг хязгаарлах нөхцөл бүрэлдэж байна гэж ард иргэд үзэж буй. 

Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео конгресст хэлсэн үгэндээ Хонгконгийн өөртөө засах засаглалын хүч суларч, Бээжингээс тусгаар байдлаа хадгалж чадахаа больж байна гэж онцоллоо. Ингэснээр одоогоос 23 жилийн өмнө Британи Бээжингийн мэдэлд Хонгконгийн газар нутгийг шилжүүлэхдээ уг бүсийн ардчилсан засаг, эрх чөлөөт тогтолцоонд 50 жилийн турш “гар хүрэхгүй” байж, тусгаар байхыг нь зөвшөөрнө гэсэн амлалтдаа хүрсэнгүй гэж үзэх нөхцөл бүрдлээ. AP агентлагийн онцолж буйгаар, Вашингтоны энэ байр суурь Хонгконгийн худалдаа болон санхүүгийн тусгай статусыг халах шийдвэрт ч хүргэж мэдэх нь. 

Энэ сацуу Хонгконгот өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад тусгай захиргааны бүсийн эрх баригчид хүч хавсарч эхэлсэн байна. Бүсийн парламент өнгөрөгч баасан гарагт Хятадын дууллыг хүндэтгэх хуулийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэхүү дууллыг үл хүндэтгэсэн тохиолдолд захиргааны болон эрүүгийн хариуцлага тооцож, 50 мянга хүртэлх хонгконг долларын (6.4 мянган ам.доллар) торгууль, эсхүл гурав хүртэлх жилээр хорих ял оноох юм. 1935 онд Японы түрэмгийллийн үед хятад яруу найрагч, хөгжмийн зохиолч Тянь Ханийн зохиосон, хожим Хятадын чухал, хүндэтгэлтэй, албан ёсны арга хэмжээнд ашиглах болсон энэ дууг “хүндэтгэх”-ийг тулган шаардаж буй нь Хонгконгийн иргэдийн дунд хүчтэй эсэргүүцэл дагуулж эхэллээ. Хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө бүсийн Хууль тогтоох зөвлөлийн байрны орчимд харуул, хяналтыг чангатгасан нь ч үүнтэй холбоотой. Үүний өмнөхөн залуусын дунд эрх баригчид, засгийн эсрэг эсэргүүцлийн уриалга эрчимжиж, автомашины зам хаан жагсах үед цагдаа нар хүч хэрэглэн тарааж, 300 орчим хүнийг баривчилсан юм. 

.

“Бээжингийн зүгээс тусгай захиргааны бүсийн Үндсэн хууль, хууль тогтоох үйл явцад хутгалдах оролдлого гаргаж, ардчилсан идэвхтнүүдийг баривчилж, одоо хятад стандартад нийцүүлэн боловсролын тогтолцоог өөрчлөх гэж буй нь эсэргүүцлийг давлагаа эрчимжихэд хүргэж байна” гэж “Brianstorm Content Solutions” компанийг үүсгэн байгуулагч, Хонгконгийн асуудлаар мэргэшсэн судлаач Брайн Ен онцолж байна.

Х.Инга

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.