БНСУ-д өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр 79 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 68 нь орон нутгийн халдвар байжээ. Ингэснээр тус улсын нийт халдварын тоо албан ёсоор 11,344 болсон талаар Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв.
Коронавирусийн цар тахлыг тодорхой хэмжээгээр хяналтдаа аван, нэг хэсэг өдөр тутмын шинэ тохиолдлын тоо арваас доогуур бүртгэгдэж байсан Өмнөд Солонгосын томоохон логистикийн төвд дэгдсэн халдварын улмаас ийнхүү бараг хоёр сарын хугацаан дахь хамгийн их шинэ тохиолдол боллоо.
Уг логистикийн төв нь Сөүлийн ойролцоох Бүчон хотод байрладаг ба тус улсын томоохон цахим худалдааны компани “Coupang”-ийн эзэмшилд байдаг юм. Энэ төвтэй холбоотой халдварын тоо одоогоор 69-д хүрээд байна.
Анхан шатны мөрдлөгийн ажиллагааны үр дүнд уг логистикийн төвийн цайны газарт ажилчид бие биеэсээ зай барьдаггүй байсан нь тогтоогдон, цаашлаад эрүүл мэндийн үндсэн удирдамжуудыг дагаж мөрддөггүй байсан нь илэрчээ. Түүнчлэн энэ дэгдэлт Итэвоны баар, клубуудын дэгдэлттэй холбоотой эсэхийг албаныхан шалгаж байна.
Коронавирусийн тархалт буцаад өсөж байгаагаас шалтгаалан өнгөрөгч лхагва гарагт эргэн нээх төлөвтэй байсан тус улсын 560 орчим сургууль, цэцэрлэг нээлтээ хойшлуулаад байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.