Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан “Мөнхийн гал” дээр шорлог шарсан залуучуудын хэрэг хүндрэх төлөвтэй байна.
Сэжигтнүүд болох нэг эрэгтэй, хоёр эмэгтэйг эхэндээ вандализм хэргээр саатуулаад байсан бол одоо мөрдөн байцаагчид тэднийг булшны байгууламжийг доромжлон, сүйтгэсэн гэж үзэж байна.
Уг хэрэг тавдугаар сарын 24-ний 23:00 цагийн орчимд ОХУ-ын Кронштадт хотод болжээ. Хяналтын камерт бичигдсэнээр гурван залуу машинаасаа буугаад, ажилчид болон далайчдын булшин дээрх “Мөнхийн гал” дээр зайдас шарж идсэн аж. Үүгээр ч зогсохгүй шорнуудаа галын дэргэд хаяад явсан байсан нь хотын оршин суугчдыг ихэд бухимдуулжээ.
Орон нутгийн музейн захирал энэ талаар цагдаад мэдүүлэн, хууль сахиулах байгууллагын ажилтнууд тэр өдрөө бүх сэжигтнүүдийг тогтоож, хэргийг Санкт-Петербургийн мөрдөн байцаах хороонд шилжүүлсэн байна.
Саатуулагдсан залуус үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлэн, үйлдлийнхээ утга учир, үр дагаврын талаар огт бодоогүй гэдгээ хэлжээ. Булшны барилга байгууламжийг бузарлан, сүйтгэсэн зүйл ангийн шийтгэл нэлээд хүнд байдаг аж.
Энэ тохиолдолд сэжигтнүүдийн эрх чөлөөг гурван жил хүртэл хугацаагаар хязгаарлах, таван жил хүртэл албадан ажил хийлгэх, зургаан сар хүртэл баривчлах эсвэл таван жил хүртэл хорих ял шийтгэлийг хүлээх магадлалтай.
Шүүх шийдвэрээ ойрын хугацаанд гаргах төлөвтэй байна.
Эх сурвалж: Российская Газета
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.