Дэлхийн нийтийг нөмрөөд буй цар тахал коронавирусийн халдварын үед гидроксихлорохин гэх хумхаа өвчний эсрэг хэрэглэдэг эмийг хамгийн зөв шийдэл гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зөвлөсөн билээ. Тэгвэл Трампын зааврыг дагаж уг эмийг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг гэдгээ Төв Америкийн Сальвадор улсын Ерөнхийлөгч Найиб Букеле мэдэгджээ.
Тэрээр “би хлорохиныг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Ерөнхийлөгч Трамп ингэж хэрэглэдэг. Дэлхийн ихэнх удирдагчид ч бас адилхан” хэмээн АНУ-аас Сальвадорт суугаа элчин сайд Рональд Жонсоны хамт хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн байна. АНУ-ын Засгийн газар Сальвадор улсад 250 ширхэг амьсгалын аппарат бэлэглэжээ.
Хэвлэлийн хурал дээр Сальвадорын Ерөнхийлөгч үргэлжлүүлэн ярихдаа “Зарим тохиолдолд энгийн ард иргэдэд санал болгож буй зүйл дэлхийн удирдагчдад зөвлөснөөс өөр байдаг. Тийм учраас би гидроксихлорохиныг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Магадгүй яригдаж байгаа шигаа хор нөлөө багатай байх” гэжээ.
Энэ жил 38 настай төрийн тэргүүн уг эмийг ямар тунгаар хэрэглэж байгаагаа хэлээгүй байна.
Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс гидроксихлорохин нь сөрөг нөлөө ихтэй гэж үзээд хүн дээр турших, эмчилгээнд хэрэглэхийг түр зогсоогоод байгаа юм. The Lancet эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэнээр Ковид-19-өөр халдварлаж, уг эмийг эмчилгээнд ашигласан өвчтөнүүд нас барах тохиолдол илүү байгаа нь ажиглагджээ.
Сальвадор улсад коронавирусийн 2,100 тохиолдол бүртгэгдэж, 37 хүн нас баржээ. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Ерөнхийлөгч болсон Букеле коронавируст цар тахлын үед магтаал, шүүмжлэлийн аль алиныг нь сонсож байна.
Өнгөрсөн гуравдугаар сард улсад нь коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн даруйд хилээ хааж, хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг баривчлан саатуулахыг армийнханд тушаажээ. Мөн Засгийн газрын эзэмшлийн байрууд руу олон мянган иргэнийг тусгаарлалтад илгээсэн байна. Дээд шатны шүүх Ерөнхийлөгчийн шийдвэрүүдийг Үндсэн хуулинд нийцэхгүй хэмээн үзэж, тушаалаа цуцлахыг шаарджээ. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж цэргүүд гудамжинд хууль дүрэм сахиулсан хэвээр үлдсэн юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.