Зүүн өмнөд Азиас Их Британийг зорьсон хууль бус цагаач иргэд хөргүүртэй чиргүүлд нуугдаж байгаад хөлдөж амь насаа алдсан хэрэг өнгөрсөн 2019 онд гарсан билээ. Тэдгээр амь насаа харамсалтайгаар алдсан Вьетнам улсын 39 иргэний үхэлд буруутай гэж үзэж Бельги, Франц улсуудад өргөн хүрээг хамарсан баривчилгаа явуулж 26 хүнийг барьж саатуулсан байна.
Их Британийн албаны мэдээллээр тэдгээр иргэдийг биеийн дулаанаа алдах болон амьсгал нь боогдож нас барсан болохыг тогтоосон билээ. Брюссельд Марокка, Вьетнам улсуудаас ирсэн 13 хүн, Парис хотод мөн 13 хүн баригдсан байна. Тэдний дунд Их Британи, Вьетнам, Франц, Бельгийн иргэншилтэй хүмүүс байгаа юм.
Бельгийн прокурорууд тэдгээр этгээдүүд өдөрт хэдэн арван хууль бус цагаач иргэнийг нууцаар хил давуулан тээвэрлэдэг хэмээн сэжиглэж байна. Сэжигтнүүд 2019 оны аравдугаар сард дэлхийн нийтийг цочирдуулсан дээрх хэргийг ч зохион байгуулсан гэж үзэж байна. Уг хэрэгт шууд бус замаар холбоотой гэж таамаглаж байгаа ажээ.
Хөргүүртэй ачаа тээврийн автомашиныг жолоодож байсан Маурик Робинсоныг өнгөрсөн сард 39 иргэний амь насыг хороосон хэрэгт гэм буруутай гэж шүүхээс үзсэн байна. Шүүх хурал ирэх аравдугаар сарын 5-ны өдөр болохоор товложээ.
Нас барсан хүмүүсийн дунд өсвөр насны 10 хүүхэд, 15 настай хоёр хүү болоод эрчүүд, эмэгтэйчүүд байсан юм. Тэдний нэг 26 настай Ти Тра Ми аравдугаар сарын 22-ны өдөр нас барахынхаа өмнө гэр бүл рүүгээ “амьсгалж чадахгүй байна, гадаад улсыг зорьсон аялал маань бүтэлгүйтлээ” гэсэн зурвасыг илгээсэн байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.