Дэлхий даяар коронавирусийн халдвараар 5,7 сая хүн халдварлаж, 357,500 иргэн нас бараад байна. Халдварын 1,7 сая тохиолдлоор дэлхийд тэргүүлж буй АНУ-д эндэгдэл 102,107 бүртгэгдлээ.
АНУ-д коронавирусийн халдварын анхны батлагдсан тохиолдол нэгдүгээр сарын 21-ний өдөр Вашингтон мужид бүртгэгдсэн юм. Үүнээс хойш дөрвөн сарын дотор 100,000 гаруй иргэн амь насаа алдлаа. Хэрэв Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийг улирлын шинж чанартай ханиад гэж үзэлгүй анхны тохиолдол илэрсэн даруйд түргэн шуурхай арга хэмжээ авсан бол 36,000 иргэний амь насыг аврах боломжтой байсан гэж судлаачид үзжээ.
Трамп төдийгүй мужийн захирагч нар халдварын тархалтыг намжаахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй, цаг хугацаа алдсан гэх шүүмжлэлд өртөж байгаа юм. Ерөнхийлөгч эхэндээ Ковид-19 цар тахлаар 50,000-60,000, дараа нь 70,000-80,000 хүн нас барна гэж мэдэгдэж байсан бол дараа нь эндэгдэл 100,000-д хүрнэ гэж таамаглаж байсан.
ВВС сувгийн Умард Америкийг хариуцсан эрхлэгч Жон Сопелийн тооцсоноор өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд АНУ-д цар тахлаар нас барсан иргэдийн тоо Солонгос, Вьетнам, Ирак, Афганистаны дайнуудад 44 жилийн хугацаанд амиа алдсан Нэгдсэн улсын цэрэг армийн алба хаагчидтай дүйцэж байна гэжээ.
Ирэх 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Трамптай өрсөлдөхөөр сунгаанд гарсан Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден коронавируст цар тахлаар нас барсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. 50 мужид Ковид-19-ийн үеэр тогтоосон хорио цээрийн дэглэмийг сулруулж, царцсан эдийн засгийг сэргээх оролдлогоо эхлүүлсэн юм. Дэлхийн хамгийн том Уолт Дисней Ворлд долдугаар сарын 11-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.
Энэ хооронд эмнэлэг, цогцос хадгалах газрууд ачааллаа дийлэхээ больж, түр болон зөөврийн цогцос хадгалах газруудыг ашиглаж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.