Макаогийн мөрийтэй тоглоомын хаан хэмээн алдаршсан Хонконгийн анхны тэрбумтан Стэнли Хо 98 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь мэдэгджээ.
Мөрийтэй тоглоомын загалмайлсан эцэг хэмээн Азид төдийгүй өрнөдөд алдаршсан бизнес эрхлэгч Хонконгийн эмнэлэгт тайван нойрссон гэдгийг охидынх нь нэг Пэнси Хо сэтгүүлчдэд хэлсэн байна.
Стэнли Хо нь 1921 онд Хонконгт төржээ. Тэрээр Макаод очиж мөрийтэй тоглоомын ертөнцөд орсноор тоглоомын дүрмийг өөрчлөн аз, амжилтаа гартаа атгажээ. Хятадын хоёр тусгай бүсийн нэг Макао нь Португалийн колони байсан бөгөөд мөрийтэй тоглоом, казиног албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Хятадын цорын ганц бүс нутаг юм. Макаог Азийн Лас Вегас ч хэмээн өргөмжилдөг билээ.
Хонконгоос төрөн гарсан анхны тэрбумтан болсныхоо дараа сайн үйлсэд ихээхэн хандив өгснөөр Хонконг төдийгүй Макаод нэр алдар нь түгж, хүндэтгэл үзүүлсээр иржээ. Тэрээр амьдралынхаа 40 гаруй жилийг мөрийтэй тоглоом, казиногийн ертөнцөд өнгөрөөж, Макаог дэлхийн казиногийн томоохон төвүүдийн нэг болон хөгжихийг өөрийн нүдээр харж, хувь нэмрээ оруулсан хүн юм.
Макаогийн тоглоомын нийгэмлэгийг удирдаж, Гранд Лиссабон зочид буудал, казиногийн эзэн гэдгээрээ орчин үеийн залууст илүүтэй танигдсан ажээ. Түүний Хонконг дахь Шун Так холдингсийг охин Пэнси нь удирдан авч явдаг байна.
2002 онд Макао олон улсын зах зээлд нээгдэж, гадны тоглогчид, томоохон хөрөнгө оруулагчид нэвтэрч, Хятадын Засгийн газар аялал жуулчлалыг нээлттэй болгосноор Стэнли Хогийн монопольчлол, дан ганцаар ноёрхох явдалд цэг тавьсан байдаг. Мөрийтэй тоглоомын ертөнцөд домог болохоос гадна тэрбээр Бээжинтэй холбоо харилцаа сайтай байсан бөгөөд Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх бага хурлын гишүүн байжээ.
2009 онд тархины хагалгаанд орж эрүүл мэндийнхээ төлөө бизнесийн салбараас хөндийрөх шаардлагатай болов. Хо дөрвөн эмэгтэйн 17 хүүхдийн эцэг байжээ. Нийт хөрөнгийг нь Блүмберг сувгаар 15 тэрбум ам.доллар гэж өнгөрсөн жил мэдээлсэн байна. Мөрийтэй тоглоомын загалмайлсан эцэг өөрийн байгуулсан эзэнт гүрний хөрөнгөө гэр бүлийнхэндээ хувааж үлдээжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
сайхан насалжээ. Амьд байсан бол ирэх жил зуу наслах байжээ.
21 оны хүн юм,бүтэн нэг зууныг дамжижээ.амаргүй нас шүү дээ.хүн бүтэн нэг жаранийг туулахад л үхэхээс бусадыг үзэх юм даа.
Казино ажиллуулаад их мөнгө олжээ.Дураараа л амьдарсан хүн байна.