Италийн ууланд аялж байсан гэр бүл хүрэн баавгайнаас эсэн мэнд мултарчээ. Трентино хотын ууланд хийсэн бичлэг олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.
Гэр бүлийнхээ хамт ууланд алхаж нарсны боргоцой түүж байсан 12 настай Алессандро хүүг уулнаас уруудахад хүрэн баавгай араас нь дагажээ. Хойд эцэг Лоррис Каллиари түүнийг дуудсан ч хүү болгоомжтойгоор бутан дунд зөөлөн алхаж, зургийг нь авахыг хүссэн байна. Баавгай хүүгийн араас ойртон удаанаар дагажээ.
Энэ явдал өнгөрсөн ням гарагийн өглөө болсон бөгөөд гэр бүлийн зургаан хүн гэрийнхээ ойролцоох ууланд гарсан байна. Тэднийг баавгайд ойртох үед унтаж байсан байх хэмээн таамаглажээ. Алессандро хүү амьтанд тэр дундаа баавгайд тун хайртай тул хойд эцгээсээ ард нь баавгай зогсож байгаа зургийг авч, бичлэг хийж өгөхийг хамгийн түрүүнд хүсчээ.
Эхэндээ баавгайд бариулахвий гэж айж байсан ч аажмаар болгоомжтойгоор алхаж хүүг гэр бүлийнхэн дээрээ ирсний дараа баавгай холдож явахыг хараад тайвширцгаасан байна. Хүү сарын өмнө YouTube сувгаар баавгайтай таарахад хэрхэн амь насаа аварч зугтаах талаар бичлэг үзсэн байсан нь ийн тус болжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.