Латин Америкийн бүс нутаг коронавирусийн өдөр тутмын батлагдсан тохиолдлоор Европ болоод АНУ-ыг давж Ковид-19-ийн тархалтын шинэ голомт болсныг Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын захирал мэдэгдлээ.
Өмнөд Америкийн бүс нутагт коронавирусийн халдварын батлагдсан 2,4 сая тохиолдол бүртгэгдэж, 143,000 иргэн нас барсан байна. Энэ нь халдварын шинэ голомт болсныг харуулж байна гэж Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын захирал доктор Карисса Этиенне мэдэгджээ.
Тус байгууллагын зүгээс хамгийн их санаа зовж, анхаарал хандуулж буй улс Бразил болоод байна. Тус улсад долоо хоногийн турш халдварын тохиолдол эрчтэй нэмэгдсээр байгаа юм. Мөн Чили, Перу улсуудад халдвар хурдацтай тархаж байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийг сулруулах цаг биш гэдгийг Карисса Этиенне нэмж анхаарууллаа.
Чили улсад коронавирусийн халдварын 78,000 тохиолдол бүртгэгдэж, 800 гаруй иргэн нас баржээ. Эрчим хүчний сайд Хуан Карлос Жобет, Олон нийтийн ажил эрхлэлтийн сайд Алфредо Морено нарт хөнгөн шинж тэмдэг илэрч, халдвар авсан нь тогтоогдоод байна.
Жон Хопкинсийн их сургуулийн судалгаагаар Бразил улс өнгөрсөн амралтын өдрүүдэд коронавирусийн батлагдсан тохиолдлоор ОХУ-ыг гүйцэж, АНУ-ын дараа хоёрдугаарт орж байна. Одоогоор тус улсад 374,000 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 23,500 иргэн нас баржээ.
Латин Америкийн нутаг дэвсгэр коронавирусийн дараагийн шинэ голомт болсон тул халдвар өмнө нь голомтлон тархсан бусад бүс нутгаас туршлага судалж, суралцаж ажиллах ёстой гэдгийг Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.