ОХУ-ын алслагдмал Чукотка бүсийн нисэх онгоцны буудал дээр өнөөдөр цэргийн нисдэг тэрэг осолдож, онгоцонд байсан дөрвөн хүн бүгд амь үрэгджээ.
Анадирын ойролцоох цэргийн болон иргэний зориулалттай онгоцны буудалд осолдсон энэхүү нисдэг тэрэг ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэлд байдаг юм. "Онгоцонд багийн гурван гишүүн, нэг техникч байсан. Дөрвүүлээ нас барсан" хэмээн бүсийн захирагч Роман Копин инстаграм хуудсандаа бичлээ.
Орон нутгийн агентлагууд уг нисдэг тэргийг техникийн засвар үйлчилгээ хийсний дараа туршилтын нислэг үйлдэж байсан Ми-8 загвар гэж тодорхойлов. "Ослын шалтгаан нь нисдэг тэрэгний техникийн алдаа байж магадгүй" хэмээн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дүгнэжээ. Цэргийн мөрдөн байцаагч нар ослын газар руу очиж байгаа гэнэ.
Өнгөрсөн мягмар гарагт Москва хотын гадна бэлтгэл хийж байсан өөр нэгэн зэвсэггүй Ми-8 осолдож, багийн гурван гишүүн амь үрэгдсэн. Энэхүү цэргийн нисдэг тэрэгтэй холбоотой хоёр дахь буюу өнөөдрийн ослын дараа тус улс Ми-8-ийн бүх нислэгийг цуцалсан талаар нисэхийн салбарын эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.