АНУ-ын Гааль, хил хамгаалах газрын ажилтнууд Мексик рүү явж байсан нэгэн эрэгтэйн тээшнээс 1000 ширхэг хуурамч коронавирусийн оношлуурыг илрүүлэн, хураан авчээ.
Тус албанаас үүнтэй ижил төстэй зөвшөөрөлгүй, эсвэл хуурамч бүтээгдэхүүн хилээр гаргах хэрэг ихсэх болсныг тэмдэглэв. Энэ талаар хийсэн мэдэгдэлдээ “Зарим хүмүүс тахал өвчнийг ашиглан санхүүгийн ашиг олохыг зорьж, хэрэглэгчдийг эрсдэлд оруулж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн эцсийн хэрэглэгч нар АНУ, эсвэл өөр улсад байгаа эсэхээс үл хамааран хэрэглэгчдэд ноцтой үр дагавар хүргэж болзошгүй” гэжээ.
Гаалийн албан хаагчид түүнчлэн энэ сарын 17-нд Ислета боомтоор орж ирсэн нэг эмэгтэйгээс 1000 амны хаалт, 2740 амны хаалтын шүүлтүүр, 60 сав гар ариутгагч бодис хураан авсан талаар мэдэгдлээ. “Бүх бүтээгдэхүүн зохих бүртгэл, шошгогүй байсан бөгөөд Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас тавьсан шалгуурт нийцээгүй” хэмээн Гаалийн мэдэгдэлд дурджээ.
АНУ-д коронавирусийн тахалтай холбоотой хуурамч бүтээгдэхүүн, луйвар болон зүй зохисгүй үйл ажиллагаа нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас коронавирусийг эмчилдэг хэмээн сурталчилж байгаа цай, ханд, витамин, нэмэлт тэжээл болон тосон бүтээгдэхүүний компаниудад хэдэн сарын турш анхааруулах захидлыг илгээсээр байгаа гэнэ.
Эх сурвалж: Insider
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.