УОК-ын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн шийдвэрийг гаргасан талаар мэдээлэл өглөө. Энэ долоо хоногт ОХУ-аас монгол иргэдээ татан авах ажиллагаа эрчимтэй явагдаж байна.
УОК-ын Шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэл:
-Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд гадаадаас эх орондоо ирсэн 1,248 иргэн тусгаарлагдаад байна. Тэднээс 790 хүн нь Улаанбаатар хотод, үлдсэн 458 хүн нь орон нутагт байгаа.
Өнөө өглөө 06:30 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ОХУ-д сурж байсан нийт 171 оюутан, иргэн ирсэн. Тэдний 93 хувь нь оюутан сурагчид бөгөөд 89 хувь эмэгтэй, 11 хувь нь эрэгтэй.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:
-Тавдугаар сарын 26,27-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй бусад оюутан, залуучуудыг татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Энэ цаг мөчид ОХУ-ын Хиагт хилийн боомт дээр Улаан-Үд дэх Ерөнхий Консулын газрын ажилтнууд оюутнуудыг зохион байгуулалттайгаар хил нэвтрүүлэх ажлыг Буриад, Оросын талтай хамтран хийж байна.
Өглөө ирсэн 171 болон өнөөдөр, маргааш Алтанбулаг боомтоор орж ирэх 594 орчим оюутан, залуучуудыг төмөр замаар тээвэрлэн, Улаанбаатар хотын тусгаарлах байрнуудад хүргэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй байсан 3000 гаруй иргэдээс сүүлийн багц буюу Москва, Санкт-Петербург болон ОХУ-ын төв, Уралын зүүн хэсгийн оюутнуудыг татаж авах ажлыг ийнхүү зохион байгуулж байна.
Татан авах давтамж хангалтгүй байна гэсэн гомдол иргэдээс ихээр ирж байна.
Нэгдүгээр сарын 28-ноос хойш Монгол улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн тоо 62 мянга давсан. Үүнээс зохион байгуулалттайгаар татаж авсан иргэдийн тоо өнөө өглөөний 170 оюутныг оролцуулаад 8 498 иргэн байна. Үүнээс 3 488 иргэнийг агаарын замаар татаж авсан.
Нийт 30 улсаас иргэдийг татаж аваад байгаа бөгөөд энэ бүх үйл ажиллагааны цаана 900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
ОХУ-аас энэ хоёр өдөр иргэдийг татаж авсны дараа дараагийн чичлэлийн татан авах төлөвлөгөөг эцэслэн гаргана. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас ирж байгаа 764 оюутныг тусгаарлах байрнуудад байрлуулаад, эдгээр оюутнуудаас коронавирусийн халдвар илрэх эсэхийг харсны дараа, эмнэлгийн байгууллага, ХӨСҮТ-ийн нөөц бололцоонд тулгуурлан дараагийн нислэгийн төлөвлөгөө гарна.
БНСУ, Японд иргэдийн асуудал хүндэрч байгаа талаар мэдээлэл их ирж байгаа. Токио, Сөүл дэх Элчин сайдын ямнаас өдөр бүр бидэнд мэдээлэл өгдөг. Мөн Зүүн өмнөд Азийн чиглэлээс иргэдээ хэрхэн татаж авах төлөвлөгөөг гаргаж байгаа.
Гадагшаа зорчих талаар иргэд мөн Гадаад харилцааны яаманд ихээр хандаж байна.
БНХАУ руу зорчих саналын талаар тус улсын Гадаад хэргийн яам, Улаанбаатар дах Элчин сайдын яамтай нь холбогдсон. Хэдийгээр халдварын тоо дотооддоо намжсан ч гэсэн гадаадаас зөөвөрлөгдөж орж ирж байгаа тохиолдлууд БНХАУ гэлтгүй бусад улсад өндөр байна. Дэглэмээ сулруулж эхэлж байгаа хэдий ч гадаадаас ирж байгаа иргэдэд тавьж байгаа шаардлага хатуу хэвээр байгаа. Хятад улсын хувьд энэ оны гуравдугаар сарын 28-наас эхлээд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан. Энэ шийдвэр хүчинтэй хэвээр байгаа тул ойрын хугацаанд иргэдийг БНХАУ руу зорчих бололцоог хангах боломжгүй.
БНСУ-ын хувьд зөвхөн байнга оршин суух эрхтэй иргэдийг хилээрээ нэвтрүүлж байгаа. Зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлээд БНСУ-д оршин суух эрхтэй, урт хугацааны визтэй иргэд тус улсын хилээр эргэн нэвтрэх зөвшөөрлийг Цагаачлалын яамнаас нь авсан бол буцах боломжтой. Хэрэв зөвшөөрлөө аваад хилээр гарсан бол энэ удаад эргэн нэвтрэхдээ сүүлийн 48 цагт халуураагүй, аливаа халдварын шинж тэмдэг илрээгүй гэсэн эмнэлэгийн магадлагааг үзүүлэн эргэж хилээр нэвтэрнэ гэсэн шаардлагыг тавьж байгаа.
-БНСУ-д визний хугацаа нь дуусаж байгаа иргэдийн хувьд?
-БНСУ-д манай улсын 47-48 мянган иргэд оршин суудгаас богино хугацааны аялал жуулчлалын, эмнэлгийн визтэй иргэд багагүй хувийг эзэлдэг. Нөхцөл байдал энэ өөр өөр төрлийн визнээс шалтгаалж байгаа.
Монгол улсын талаас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаагаа сунгаж байгаа талаар мэдээллийг бид Элчин сайдын яамаараа дамжуулан тус улсад өгдөг. Үүнээс үүдэн МИАТ компанийн нислэгүүд хойшилж байгаа талаар Сөүл дэх төлөөлөгчийн газраас иргэдэд албан бичгийг өгдөг. Ингээд энэ бичгүүдэд үндэслээд Солонгосын Цагаачлалын байгууллагуудаас манай иргэдийн визийг сунгаад явж байгаа.
Энэ удаа 700 гаруй иргэнийг эх оронд нь татаж авчирч байгаа нь дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1, 3-нд гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр татан авсан иргэд тусгаарлалтаас гарч, байр нь чөлөөлөгдсөн учраас ОХУ-д байгаа иргэдийг татан авах ажиллагаа боломжтой болсон.
Дараагийн тусгай үүргийн нислэгүүд тусгаарлах байрны нөөц боломж, нөхцөл байдал, халдварын тархалтаас шалтгаалан, эмнэлгийн байгууллагын зөвлөгөө, тусламжтайгаар зохион байгуулагдах болно. Бусад улс оронд байгаа иргэдийг бид орхигдуулаагүй, үйл ажиллагаа шат дараатай явж байгаа. Иргэдийг гаднаас татаж авах ажиллагаа зогсолтгүй үргэлжилнэ.
БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 164 иргэдийн асуудлыг тус улсын талтай хэлэлцэж байна. Ойрын хугацаанд татаж авахаар төлөвлөж байна.
Гадаадын 45 улсаас 10,800 гаруй хүн нутаг буцах хүсэлт гаргаж байна. Бид нар ээлж дараатай, давтамжийг хадгалаад, дэлхий даяар тархсан монголчуудад тэгш боломж олгох болно.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат:
-Зургадугаар сарын 1-ний өдөр нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж, хүүхдүүдийг бөөнөөр нь цуглуулж, бэлэг сэлт тарааж болохгүй. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ бэлэг авч өгөхдөө энэ цар тахлын үед хүүхдийн дархлааг нэмэгдүүлэх үүднээс чихэрлэг зүйлс, хийжүүлсэн ундаанаас зайлсхийхийг уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.