Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлыг хянан шийдвэрлэх явцдаа хэргийн оролцогчдоос 1.3 сая ам.долларын авлига авсан шүүгч нарт ямар ял шийтгэл оногдуулсан талаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат мэдээлэл өглөө.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат:
-Хан-Уул дүүргийн шүүх 2020 оны 5 сарын 14-22-нд Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэм буруутайд тооцсон. Г.Алтан-Очирыг хахууль авсан. Б.Цолмонбаатарыг хээл хахууль авсан, өгсөн гэмт хэрэг үйлдсэн. Б.Халиунбаярыг бусдад хээл хахууль өгсөн гэм буруутай гэж үзсэн. Шүүгдэгч Уранчимэгийг мөн бусдад хээл хахууль өгсөн гэж үзсэн. Эдгээр хүмүүст шүүхээс 2-5 жилийн хорих ялаар шийтгэсэн.
-Дээд шүүхийн шүүгч нарын хувьд ямар шийтгэл оноосон бэ?
-Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг холбогдуулан шалгасан. Эдгээр хүмүүсийн хэргийг шүүж үзээд прокурорын санал, хавтаст хэргийн хүрээнд хянан үзээд, цагаатгасан.
Мөн н.Цэндсүрэнг хахууль зуучилсан, н.Амгаланбаярыг албан тушаалтны нэр барьсан гэдэг гэдгийг шүүхээс гэм буруутайд тооцсон.
Шүүх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн бие муудаж, эмнэлэгт хэвтсэн. Мөнгөө хувааж байсан бичлэгээ үзээд бие нь муудсан зүйл байхгүй. Иймд Б.Сайханцэцэгийн хамтаар хэргийг нь тусгаарласан. Тэр хүний биеийн эрүүл мэндээс хамаараад шүүх хурлыг товлоно. Түүнээс мөрдөн байцаалтад буцаасан зүйл байхгүй.
Гансүх гэж этгээдийн хэргийг бас тусгаарласан.
Эд мөрийн баримтаар хураан авагдсан 1 сая 425 мянга 220 ам.долларыг улсын орлого болгосон.
-Сошиалаар авлигын мөнгийг хэрхэн баримтжуулан хурааж байгаа бичлэг цацагдсан. Тэр талаар мэдээлэл өгөөч?
-АТГ-аас 1.2 сая ам.долларыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар хураан авсан тухай бичлэг цацагдсан. Шүүгдэгч Ш.Мөнгөншагайгийн гэрт хийсэн нэгжлэгийн бичлэг. Энэ бичлэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй нотлох баримт. 27-28 эрүүгийн хавтас хэрэгт энэ бичлэг ирээгүй. Тэр бичлэгийг буулгаад нотлох баримтаар ирүүлсэн зүйл бол байдаг. Бичлэг шүүх дээр ирээгүй, хэлэлцэгдээгүй гэсэн үг.
Б.Сайханцэцэг шүүгчид хахууль өгсөн гэсэн зүйл байгаа. Тэрийг тусгаарласан. Бас Ц.Өнөрцэцэгийн хэрэг тусгаарлагдсан.
СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар 5 жилийн хорих ял, 60 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга асан Г.Алтан-Очир 3 жилийн ял, 50 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Уранчимэгээс 35 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө байна гэж шүүхээс үзсэн.
Шүүх хуульд заасан ялыг оногдуулсан. Улсын яллагчийн саналыг бас харгалзан үзсэн.
Нэг зүйлийг хэлэхэд Салхитын мөнгөний ордын гэх хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхийн өмнө С1 телевизээр хэргийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурласан нэвтрүүлэг цацагдсан. Энэ бол шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж буй оролдлого мөн шүү дээ. Бид гэхдээ нөлөөлөлд автаагүй. Шүүгч нарт хуульд заасан ял шийтгэлийг нь оногдуулсан.
ХУД-ийн анхан шатны шүүхээс өгсөн албан ёсны хэвлэлийн мэдээнд:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 22.5-1 /хахууль өгөх/, 22.4-2.4 /хахууль авах/ , 2002 оны Эрүүгийн хуулийн 268.1/ хээл хахууль авах/ 269.1 /хээл хахууль өгөх/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрүүдэд хянан хэлэлцээд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цолмон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цагаанцоож нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т /гэмт хэргийн шинжгүй/ зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж,
Шүүгдэгч Ш.Мөнгөншагайг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,
Шүүгдэгч Г.Жаргаланг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,
Шүүгдэгч Г.Алтан-Очирыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан үйлдэлд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /мөнгө угаах/ зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж , 3 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 50.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох,
Шүүгдэгч Б.Цолмонбаатарыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай үгсэн тохиролцож бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цолмонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 60.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох,
Шүүгдэгч Э.Халиунбаярыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,
Шүүгдэгч Н.Уранчимэгийг албан тушаалтанд бусдаар дамжуулан хахууль өгсөн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ялаар шийтгэж, 35.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,
Шүүгдэгч Ж.Цэцэгээг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, хээл хахууль авсан үйлдэлд гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой үйл ажиллагаа эрхлэхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12.240.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгчдийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Амгаланбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, төрийн байгууллага албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулж их хэмжээний ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч М.Цэндсүрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хээл хахууль өгч, авахад зуучилсан гэм буруутайд тус тус тооцож, Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт /Тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон/-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Амгаланбаяраас гэмт хэрэг үйлдэж олсон 45.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,
Шүүгдэгч С.Оюунбатад холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Пүрэвням, Ц.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн 190200000344 дугаартай хэрэгт нэгтгүүлэхээр, шүүгдэгч Ш.Энхтөрд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.
Мөн шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжлэх явцад шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн бие муудаж, шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй нөхцөл үүсэнтэй холбоотойгоор Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.205.200 ам.доллар, түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс хураасан 140.000 ам.доллар, нийт 1.445.200 ам.долларыг улсыг орлого болгохоор шийдвэрлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ял eрөнхийдээ багдсан байна
Ял багадсан нь илэрхий байна. Нөгөө талаар энэ хэрэг бол шүүхийн идээ бээрийн зөвхөн нэг хэсэг л байгаа. Хот хөдөөгүй хууль зөрчиж хийсэн шүүхийн авилага, албан тушаалын их бага хэрэг хаврын ногоо шиг болсон шүү дээ.
1,3 сая $ тэгээд юуны мөнгө вэ? Нөлөөлөлд ороогүй байтлаа аваад цефндээ хийчихдэг юмуу?
Нөлөөлсөн болоол ял нь бага байгааштээ , ямар кармаа ухсан хүн биш
Vnenvv yga vnen bol ajilaa sain hiitsgeeree
Олон тоо болхоор аас хэрэг гээд хүнд тусдаг баймаар юм өршөөж ял өгсөн юм бишүү тангараг өргөсөн хүмүүс шүү дээөөрсдөө хөнгөн ял өгсөн бн
Ял багадсан, ТВ-9 гаргасан тулдаа үнэнд гүйцэгдэж шийдэгдсэн, тэгээгүй бол бүүр ялгүй өнгөрөх байсан байх
Нөлөөлөл оржээ шүүгдэгч нарт
Нөлөөлөл оржээ шүүгдэгч нарт
Нэгэнт хорьж байгаа юм бол төрийн албанд томилох эрхийг хассан гэж шоудах ямар хэрэг байхын. 3 жил хориод 4-6 жил хасвал харин өөр