Бид өмнө нь “Space X”-ийн гүйцэтгэх захирал Элон Маск болон түүний найз бүсгүй, дуучин Граймс нар хүүхдээ “X Æ A-12” хэмээн нэрлэсэн талаар мэдээлж байсан. Тэгвэл тэд хүүгийнхээ нэрийг өөрчилжээ.
Хосууд хүүгийнхээ нэрийг зарласнаас хойш хүмүүс тэднийг үнэхээр хүүхдээ ингэж нэрлэсэн эсэхэд эргэлзэн, энэ хачирхалтай нэрийг хэрхэн дуудахыг сонирхож байсан билээ. Түүнчлэн энэ нэрийг хуулийн дагуу бүртгүүлэх боломжгүй гэдгийг онцолсон хүмүүс ч байв. Элон Маск, Граймс нарын амьдардаг Калифорни мужийн үндсэн хуульд зааснаар хүний нэр зөвхөн Англи хэлний 26 үсгийг ашиглаж боломжтой аж.
Тэгвэл өнгөрсөн ням гарагт Граймсын нэгэн шүтэн бишрэгч түүнээс “Та Калифорнийн хуулиас болж хүүхдийнхээ нэрийг өөрчилсөн үү? Хүүгийн шинэ нэр юу вэ?” хэмээн Твиттерээр дамжуулан асуужээ. Үүний хариуд дуучин “X Æ A-Xii” гэсэн хариу өгөөд, өөрчлөлтийн шалтгааныг дэлгэсэнгүй.
Өмнөх 12-ийг ром тоогоор сольж багахан өөрчлөлт хийсэн хэдий ч хосууд хүүгийнхээ нэрийг албан ёсоор бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Харин цахим сүлжээн дээрх олон хүн шинэ нэр нь арай дээр харагдаж байна гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.