ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд коронвирусний халдвараар 5668000 мянган хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагт өвчлөл 14000-аар буурсан таатай мэдээтэй байна. АНУ, Швед, ХБНГУ-аас манай иргэд утасдан зөвлөгөө авсан.
Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөлийн хурд эрчтэй тархаж байна. Хил залгаа Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Онц шаардлагагүй бол хил орчмын бүс нутгаар явахгүй байхыг анхааруулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шуурхай 119 дугаарт 336 дуудлага ирснээс хүмүүс амны хаалтаа зүүх нь багасч мөн амралтын газраар иргэд амны хаалтгүй бөөгнөрч байгаа талаарх дуудлага ирсэн учраас амралтын газруудад зориулсан зөвлөмжийг ЭМЯ-наас өгөөд байна.
Дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, ОХУ коронавирусийн халдварын батлагдсан тоогоор тэргүүлж байна. АНУ-д өмнөх өдрөөс нас баралт буурсан бол Бразил улсад нас баралтын тоо АНУ-ыг даваад байгаа юм.
Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 170 иргэн ирсэн үүнээс 6 иргэнийг ХӨСҮТ-д хүргэж, бусад иргэдийг ажиглалтын байр руу шилжүүлсэн.
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 193 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тавдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн хүмүүст 2-3 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дээрх иргэдийн хувьд 14 хоног болж байгаа юм.
Түүнчлэн Москвагаас ирсэн дөрвөн оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Дээрх оюутнууд 43 хоног эмчлэгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар эдгэрсэн 37 иргэн байгаа бол эмчлэгдэж байгаа 104 иргэн байна. Үүнээс 95 иргэний биеийн байдал хөнгөн байгаа бол 9 иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.