Коронавирусийн халдварын тархалтыг намжаахын тулд хатуу чанга хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэн Европын улс орнуудын нэг нь Чех юм. Тус улсад коронавирусийн халдварын 9,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 6,000 гаруй иргэн эдгэж, 315 өвчтөн нас баржээ.
Олон долоо хоногийн хугацаанд тогтоосон хорио цээрийг сулруулж, замын хажуугийн уушийн газарт шилтэй хүйтэн шар айргаа санасан хүмүүс цуглаж эхэлсэн байна. Тус улсын эрх баригчид баар, зоогийн газруудыг өнөөдрөөс нээжээ.
Чехийн согтууруулах ундааны үндэсний хамгийн том үйлдвэрлэгч Pilsner Urquell компани шар айргаа санасан худалдан авагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ хандан урамшуулал зарласан байна. Аль ч баар, зоог, уушийн газарт Pilsner шар айргаар үйлчлүүлсэн тохиолдолд хэрэглэгч бүрт хоёр дахь шил шар айргийг үнэгүй өгөхөөр болжээ.
Хэрэв та Чех улсад аялж, амьдарч байсан бол зуны халуун бүгчим өдрүүдийг Pilsner шар айраггүй өнгөрөөх аргагүй гэдгийг гадарлах буй за.
Энэ хооронд хөл хориогоо сулруулж буй улс орнуудын нэг Шинэ Зеланд болж байна. Тус улсад баасан гарагаас эхлэн 100 хүртэл хүн нэг дор цуглахыг зөвшөөрнө гэж Ерөнхий сайд Жакинда Ардерн мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.