Мал аж ахуй, амьтдад энэрэнгүй хандах, уур амьсгалын өөрчөлт, хүн амын дундаж наслалт. Энэ бүх асуудал анхаарлын төвд ахин орлоо. Коронавирусийн улмаас хүн төрөлхтний амьралын хэв маяг өөрчлөгдөж буй энэ үед бид хэрэглээгээ, тэр дундаа хүнсний хэрэглээгээ эргэн харах ёстой болж байгааг “The New York Times” онцолж байна.
Орчин цагт хүмүүс бид хүнсэндээ ихээхэн ач холбогдол өгдөг болсон. Махны гачигдал, мал нядалгааны газрыг нээх Ерөнхиийлөгч Трампын шийдвэр, үүнийг дагасан олны эсэргүүцэл, шүүмжлэл бидний хүнсэнд мах ямар чухал байр эзэлж байгааг харууллаа.
АНУ-д коронавирусийн халдвар хамгийн их тархсан арван мужийн зургаад нь оршдог мал нядалгааны цэгийг нээх болов. Тухайлбал, Өмнөд Дакотагийн Су-Фоллст байдаг “Смитфиелд” үйлдвэр улсын гахайн махны зах зээлийн таван хувийг хангадаг. Тэнд коронавирусийн халдвар авсан тохиолдол цөөнгүй бүртгэгдээд байна. Мөн Айова мужийн “Тайсон” үйлдвэрийн ажилчдын 60 хувь нь буюу 730 хүн коронавирусийн халдвар авчээ. Мөн мужийн Ватерлоод орших тус компанийн өөр нэг салбарын 2800 ажилчны мянга гаруй нь вирусийн халдвар аваад буй. Нядалгаа, мах бэлтгэлийн үйлдвэрүүдийн ажилчид ийнхүү олноор өвдсөний улмаас энэ салбар зогсоод байсан гэхэд хилсдэхгүй. Үүний үүдээд амьтны аж ахуй эрхлэгчид үржүүлсэн мал, амьтдаа хэрхэх вэ гэдэг асуудалтай нүүр туллаа. Фермерүүдийн олонх нь мал, амьтандаа хээл хаяулдаг тариа хийж, зарим нь бүр “нойрсуулах” тариа тарьж байна. Нөхцөл байдал ийм хүнд байгааг Айова мужаас сонгогдсон сенатч Чак Грассли онцолж байгаа юм.
Үүний зэрэгцээ гахайн аж ахуй газрын хөрс, нийгэм, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөгийг цар тахал дэгдэхээс ч өмнө ярьсаар ирсэн. Америкчуудын тал хувь нь махны хэрэглээгээ багасгахыг хүсэж байгааг харуулсан судалгаа ч бий. Талархлын баяр гэхээр бидний толгойд буудаг цацагт хяруулын мах, цэнгэлдэх хүрээлэн гэхээр санаанд ордог халуун зайдас гээд махны хэрэглээ америкчуудын хувьд олон жилийн турш бүрэлдэн бий болсон, чухал ойлголт болжээ. Гэвч одоо өөрчлөлтөд дасан зохицох цаг айсуй.
Мал, амьтны аж ахуй бол дэлхийн дулааралд нөлөөлж буй чухал хүчин зүйл. “The Economist”-ын онцолж буйгаар, америкчуудын 25 хувь нь 25-34 насандаа цагаан хоолтон болохыг хүсдэг аж. Сүүлийн жилүүдэд тус улсад ургамлын гаралтай мах орлуулагч, уураг ихтэй бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсээр байна. Махны хэрэглээ ийм өндөр байсаар байвал бид байгаль орчноо хамгаалах гэж тэмцээд нэмэргүйг эрдэмтдийн хийсэн судалгаа харуулж буй. Хүлэмжийн хий ялгарахад хамгийн их нөлөөлдөг амьтан бол үхэр гэнэ. Америкийн бүх үхрийг нэг дор цугуулбал энэ нь ялгаруулж буй хүлэмжийнхээ хэмжээгээр дэлхийд гуравдугаар орох бүс болно. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гарц, шийдэл хайдаг, судалгааны “Project Drawdown” байгууллага хүн төрөлхтөн махны хэрэглээгээ багасгах, ургамлан хоолтон болох нь дэлхийн дулааралтай тэмцэхэд оруулж болох хамгийн том нөлөө гэж үзэж байна.
Америкийн ард иргэд ч, улстөрчдийн олонх нь ч уур амьсгалын өөрчлөлт үнэхээр том асуудал, Парисийн гэрээнээс гарсан нь буруу алхам гэж үзэж байна. Амьтдад энэрэнгүй хандах, эрхийг нь хамгаалахын төлөө хийж буй зүйл ч хүнсэндээ мах хэрэглэсээр байгаа тохиолдолд утга учиргүй болжээ. Генетикийн хувьд асар их өөрчлөлттэй тахианы дэгдээхэй, эсвэл өөрөө үржилд орж чадахгүй болтлоо бордуулсан цацагт хяруул, хар нялхад нь эхээс нь салган тусгайлан тэжээсэн тугалнуудыг хүнсэндээ хэрэглэсээр байж амьтдын эрхийн төлөө тэмцэх утгагүй.
Амьтны мах хэрэглэсээр байвал бид цар тахлаас сэргийлж чадна гэж үгүй. Зэрлэг амьтад, далайн бүтээгдэхүүн зардаг зах, дэлгүүрийн стандартыг бид одоо ярьж буй ч шувуу үржүүлгийн фермүүд вирусийн гаралтай өвчин тархах таатай нөхцөл гэдгийг төдийлэн анхаарахгүй л байна. Шинээр бүртгэгдэж, гарч буй халдварт дөрвөн өвчний гурав нь байгальтай зохисгүй харьцсанаас, мал, амьтнаас хүнд халдварласан вирус, бактераар үүсгэгддэг. Ингэхээр бид өөрсдийгөө хамгаалах, өвчнөөс сэргийлэхийн тулд амьтны гаралтай мах, сүү бага хэрэглэж, уургийн хэрэгцээгээ ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс авах ёстой болж байна. Амьтны уураг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин болон бөөрний өвчинд илүү нэрвэгддэг.
Хэрэв бид махны хэрэглээгээ багасгаж, бүр татгалзвал фермерүүд хэрхэх вэ? Энэ тохиолдолд фермерүүд гэхээс тэдний нэрийг барьж дуугардаг том корпорацууд илүү хохирно. Америкийн хүн ам иргэний дайны үеийнхээс хойш 11 дахин өссөн ч фермийн тоо тэр үеийнхээс ч бага байна. Үйлдвэржсэн мал, амьтны аж ахуйн бизнес загвар өдгөө автоматжсан, хүний оролцоо багатай болжээ. Тэгэхээр амьтны биш ургамлын гаралтай хүнсний хэрэглээ нэмэгдсэнээр фермүүд ногоо, жимсний тариалж, ингэснээр ажлын байрны тоо нэмэгдэнэ.
Х.Инга
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.