Испани улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж эхэлсэн гуравдугаар сарын 14-ний өдрөөс хойш хорио цээрийн хатуу чанга дэглэмд шилжсэн юм. Тархалт намжиж зарим бүсэд хөл хориог сулруулсан ч Мадрид, Барселона хотуудад хорио цээр хэвээр хэрэгжиж байна.
Тэгвэл уг хорио цээрийн дэглэм болоод коронавирусийн тархалтын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцэж олон мянган иргэн жагсаал хийжээ. Жагсаалд оролцогчид бие биенээсээ зайтай байх дүрмийг хэрэгжүүлж автомашинтайгаа оролцсон байна. Жагсаалыг Вокс барууныг баримтлагч нам уриалжээ.
Нийслэл Мадрид хотод жагсагчид төрийн далбаа мандуулан Ерөнхий сайд Педро Санчезыг огцрохыг шаардсан байна. Мадрид болон Барселона хотуудад ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн гадуур хооллох, 10 хүртэл хүн нэг дор цуглахыг зөвшөөрөөд байгаа юм. Үүнтэй төстэй жагсаалууд Севилле, Барселона зэрэг мужийн нийслэл хотуудад зохион байгуулагдаж мотоцикл, автомашинтай жагсагчид дуут дохиоллоо дуугаргажээ.
Гэсэн ч жагсагчид эдийн засгийг сэргээхийн тулд хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн бус бүрэн сулруулах хэрэгтэй гэж үзэж байна. Хорио тавьж эхэлсэн гуравдугаар сард л гэхэд улс орон даяар сая иргэн ажлын байраа алджээ.
Испаниас гадна Их Британи, АНУ, Бразил улсуудад хөл хориог эсэргүүцсэн жагсаал амралтын өдрүүдэд болжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.