Францын нийслэл Парис хотод эмнэлгийн гадаа эсэргүүцлийн жагсаал хийсэн эмч нарыг торгож, заримыг нь баривчлан саатуулсан талаар ВВС мэдээлэв.
Хотын хойд хэсэгт байдаг Роберт Дебре эмнэлэг коронавирусийн халдвар тархаж эхлэхээс ч өмнө санхүүгийн хүндрэлтэй байсан бөгөөд тархалт эхэлсний дараа нөхцөл байдал улам бүр хэцүүджээ. Тиймээс тус эмнэлгийн 400 гаруй ажилтан дүрэмт хувцсаа өмсөн, гартаа түмпэн шанага барьж түчигнүүлэн эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсаалд эмнэлгийн эмч, сувилагчдаас гадна туслах ажилтнууд орлцсон байна.
Цалингаа нэмүүлж, эмнэлгийн ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахыг шаардсан жагсагчдыг нийтээс зай барих дүрэм зөрчиж, олноороо нэг дор цуглаж жагсаал хийсэн гэж цагдаагийн газраас үзэж, 50 гаруй ажилтанг торгож, гурван хүнийг баривчлан саатуулжээ. Жагсаалд оролцогчдыг тус бүр 135 еврогоор торгосон ч тэд торгууль төлөхөөс татгалзсан байна.
Beaucoup de monde pour soutenir le personnel hospitalier de l’hôpital Robert Debre à Paris pic.twitter.com/e5FQ7ATsCm
— Nabil Izdar. (@izpho) May 21, 2020
Эмч нарын жагсаалын бичлэгийг иргэд цахим сүлжээнд тараажээ. Зөвхөн Роберт Дебре ч гэлтгүй Францад коронавирусийн 181,000 гаруй тохиолдол илэрч, 28,000 гаруй иргэн нас барсантай холбогдуулан эмнэлгийн ажилтнууд хэт уртасгасан цагаар амрах завгүй ажиллаж, вирусээр халдварлахвий гэсэн айдас түгшүүртэй байгаа юм.
Франц улс хатуу чанга хорио цээрийн дэглэмийг энэ сараас эхлэн сулруулж, дэлгүүр, бүрэн дунд сургуулиудыг дахин нээж байгаа ч нийслэл Парис хотод иргэдийн хөдөлгөөн, бизнесийн байгууллагуудыг хязгаарласан хэвээр байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.