Энэтхэг улсын зүүн нутаг, Бангладешийн эргийн бүс Амфан супер хар салхинд нэрвэгдэж хоёр улсад 80 гаруй хүн нас барсан байна. Энэтхэгийн Колката хот байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн бөгөөд хөрсний гулсалт, ширүүн бороо, хүчтэй салхин шуурганы дараа хойд зүгийг чиглэн Бутанд ирэхдээ Амфан хуй салхины эрч саарсан тухай цаг уур судлаачид мэдээлжээ.
Олон мянган мод үндсээрээ сугарч унаснаас гадна цахилгаан, утасны сүлжээ тасарч, байшин барилгууд нурж газрын хөрстэй тэгшрээд байна. Колката хотын замууд үерт автаж боогдон, 14 сая оршин суугч эрчим хүчний үүсвэргүй болжээ.
1999 онд Бенгалийн буланд супер хар салхи дайран өнгөрч 9,000 иргэн амь насаа алдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд тус улсыг дайрч буй анхны супер хар салхи юм. Тиймээс эрх баригчид иргэдийн амь нас аюулгүй байдлыг хамгаалахаар сая сая иргэнийг нэн даруй нүүлгэн шилжүүлж онцгой байдлын үеийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
Энэ жил дэлхийн нийтийг коронавирус нөмрөн авсан тул байгалийн гамшгийн үеэр иргэдийг олноор нь нүүлгэн шилжүүлэх, түр хорогдох байранд байлгахад хүндрэлтэй байгаа юм. Учир нь вирусийн халдвар олон нийтэд тархахаас сэргийлж, нийтээс зай барих дэглэмийг баримталж хорогдох байрууд бүрэн гүйцэд багтаамжаа ашиглаж чадахгүй байгаа тухай эх сурвалжууд дамжууллаа.
Амфан хар салхи Энэтхэг, Бангладешийн хилийн ойролцоо дөрвөн сая оршин суугчтай Сундарбансаас эхлэн шуурч түүхэн хот гэгддэг Колкатаг чиглэжээ. Цагт 185 км хурдтай шуурга Баруун Бенгал, Орисса буюу Одиша мужуудад хүрч, Бангладешийн баруун өмнөд эргийг дайрсан байна. Энэтхэгийн Баруун Бенгал мужид 72, Бангладеш улсын нутаг дэвсгэрт 12 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ.
Бенгал мужийн захирагч Мамата Банерже мужийн нийслэл Колката хотод нүүрлэсэн байгалийн гамшиг Ковид-19 цар тахлаас ч хүнд гарз дагуулсныг хэлсэн байна. Харин Бангладешийн Засгийн газар хар салхины үеэр олон арван мянган байшин барилга нурж сүйдсэн ба 2,5 сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.