Израилийн зохион бүтээгчид амны хаалтаа тайлахгүйгээр хоол идэх боломжтой, алсын удирдлагаар амны хэсэг нь нээгддэг амны хаалт бүтээжээ. Үүний тусламжтайгаар ресторанд хоол идэхийн эрсдэл багасах юм.
Унадаг дугуйны гар тоормос шиг гар хөшүүргийг ашиглан амны хаалтын урд хэсгийг онгойлгон, хоолоо амандаа хийгээд, амны хаалтаа эргэн хаах боломжтой аж.
“Avtipus Patents and Inventions”-ийн дэд ерөнхийлөгч Асаф Гителис шинэ бүтээлээ энэ даваа гарагт танилцуулан “Энэхүү амны хаалт гар удирдлагаар, эсвэл амны хаалтад сэрээ ойртож байгааг мэдрэн автоматаар нээгдэнэ. Дараа нь та хоолоо идээд, сэрээгээ амнаасаа гаргавал амны хаалт хаагдах болно. Ийнхүү та вирус болон хамт сууж буй бусад хүмүүсээс хамгаалагдана” гэв.
Тус компани патент авах хүсэлтээ аль өгсөн бөгөөд ирэх хэдэн сарын дотор амны хаалтаа үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна. Энэхүү амны хаалт зах зээл дээр гараад 3-10 шекел буюу 0.85-2.85 ам.долларын үнэтэй байх төлөвтэй.
“Ройтерс” агентлаг уг амны хаалтын талаарх бичлэгийг Израилийн нийслэл Тель-Авив дахь иргэдэд үзүүлэхэд үзэл бодол хуваагдмал байжээ. 32 настай Офир Хамири “Амны хаалтаа тайлахгүйгээр хоол идэх боломжтой энэ шинэ бүтээлийг зайлшгүй, шаардлагатай гэж бодож байна” гэв. Харин зайрмаг идэж байсан 29 настай Рон Силберштейн “Энэ амны хаалтыг зүүгээд ийм төрлийн зайрмаг идэж болно гэж бодохгүй байна. Хаа сайгүй урсаад, би дараа нь амны хаалтаа үргэлжлүүлэн өмсөж чадахгүй байх” гэлээ.
Израиль улсад шинэ коронавирусийн халдварын тоо эрс буурсны дараа эдийн засаг нь ихээхэн хэмжээгээр сэргээд байгаа юм. Гэвч одоогийн байдлаар ресторанууд зөвхөн хоол захиалан, авч явах боломжтой хэвээр байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.