АНУ-ын шоу бизнесийн хамгийн том хот болох Лас Вегаст тавдугаар сарын 30-нд болохоор товлогдсон, холимог тулааны UFC-гийн тэмцээн төлөвлөгдсөн ёсоор болно хэмээн UFC-ийн Ерөнхийлөгч Дана Уаит өчигдөр мэдэгджээ.
UFC-ийн “Apex” цэнгэлдэхэд үзэгчгүйгээр зохион байгуулагдах уг тэмцээний гол тулаан хүнд жингийн аварга асан Тайрон Вүдли болон Гилберт Бернс нарын хооронд болох аж.
Үүнээс өмнө энэ сарын 09-16-ны өдрүүдэд мөн үзэгчгүй гурван тэмцээн Флорида мужийн Жексонвилл хотод амжилттай зохион байгуулагдсан. АНУ даяар коронавирусийн улмаас хөл хорио тогтоогоод байгаа энэ цаг үед Дана Уаит “UFC 249” тэмцээнээ "Fight Island" гэж нэрлэсэн хувийн эзэмшлийн арал дээр зохион байгуулна хэмээн өмнө нь зарлаж байсан.
Гэвч Флорида мужийн захирагч Рон ДеСантиси цар тахлын үед UFC тулаан явуулныг явуулах нь чухал бизнес гэж үзсэн тул тус мужид тэмцээнээ хийх боломжтой болжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулах зөвшөөрлийг Невада мужийн Спортын хорооноос хараахан өгөөгүй байгаа гэнэ.
Тулааны зөвшөөрлийг яагаад өгөөгүй байгааг тус мужийн захирагч Стив Сисолакийн ажлын албанаас тодруулахад "Бид төрийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, мужийнхаа хөл хориог цуцлах хоёр дахь шатны ажлаа эхлүүлээд байгаа. Невада мужид коронавирусийн улмаас тавиад байсан хөл хориог хэсэгчлэн цуцлах ажлыг энэ сарын 9-нд эхлүүлсэн тул одоогоор нөхцөл байдлыг ажиглаж байна" гэсэн хариу өгчээ.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.