Нийслэлд хүний царайгаар таньдаг ухаалаг камеруудыг суурилуулахаар болжээ. Ирэх аравдугаар сар гэхэд эхний 2000 камерыг суурилуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.
Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишигт нийцсэн орчин үеийн камерын системтэй болох гэж байна. Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийслэлээс “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болно. Энэ ажил гурван үе шаттайгаар хэрэгжинэ. Энэ жил 2000 орчим камерыг суурилуулах төлөвлөгөө гарсан. Эхний ээлжид 600-г замын хөдөлгөөний уулзварт үлдсэнийг нь нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах юм.
Цаашлаад 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянаснаар гэмт хэргийн гаралт 40-50 хувиар буурах үзүүлэлт байгаа.
Улаанбаатар хотод суурилсан камерын 40 хувь чанарын шаардлага хангаддаггүй. Ер нь бол теле камерын ухаалаг системтэй болно гэсэн үг. Тэгэхээр орчин үеийн стандартад нийцсэн камерыг төр нийлүүлэхээс гадна хувийн хэвшлийн байгууллагуудад шинээр хяналтын камер суурилуулахаар бол стандарт нийцсэн ухаалаг камертай болохыг зөвлөж байгаа юм. Ингэснээр хувийн байгууллагын ухаалаг камерыг теле камерын ухаалаг системтэйгээ холбон нэгдсэн системтэй болно гэсэн үг. Угаасаа төр засаг, нийслэлийн хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй учраас төр, хувийн хэвшилтэйгээ хамтран уг ажлыг хэрэгжүүлнэ. Хувийн байгууллагууд шинэ камертай болох бол ухаалаг камерыг суурилуулах шаардлагыг тавих юм.
Зөрчил гаргасан иргэдийг ухаалаг камераар хянаж, хуулийн хүрээнд хариуцлага тооцдог болно. Ухаалаг камер нь хотын бүх иргэдийг хянана нь гэсэн үг биш. Зөвхөн хуулийн зөрчил гаргасан иргэний царай, хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.