Алдарт Роллс Ройс компани коронавирусийн хямралын үед нийт ажлын байрныхаа 20 хувийг буюу 9,000 ажилтнаа цомхотгох шийдвэр гаргажээ. Автомашин төдийгүй нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч томоохон брэнд дэлхийн нислэгийн компаниудын ихэнх нь Ковид-19-ийн тархалтаас болж үйл ажиллагаагаа зогсоосон хүнд үед 1,3 тэрбум фунт стерлингийн алдагдлаа танах хэрэгтэй болсон байна.
Дербид төвтэй Роллс Ройс дэлхий даяар 52,000 ажилтантай ажээ. Ажилчдын дунд хийх цомхотгол нисэх онгоц, усан онгоцны хөдөлгүүр, цөмийн реакторуудын үйлдвэрлэлийн салбарт хийгдэх ч батлан хамгаалах бизнесийн салбарын ажилчид аюулаас хол үлдэх юм байна.
Компанийн гүйцэтгэх захирал Варрен Ийстийн хэлснээр хамгийн хүнд гарз амсах нь Их Британийн салбар ажээ. Тус компанийн 17 үйлдвэрийн ес нь Их Британид байрладаг бөгөөд тэдгээр салбарт 23,700 хүн ажилладаг байна. Энэ жилийн төлөвлөгөөнд нийт ажлын байрныхаа талаас илүүг нь үргэлжлүүлэн чөлөөлөхөөр төлөвлөсөн гэдгийг ноён Ийст нэмж хэлжээ.
Тэрээр 2020 онд шинэ нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэж эхэлэхээр төлөвлөсөн байсан ч асар их хэмжээний алдагдал хүлээсэн тул ирэх жилүүдэд ч эдийн засгийн хямралаа даван гарахад бэрхшээлтэй байх болно гэжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.