АНУ-ын Виржиниа мужийн Луиза хотод энэ сарын 6-ны өдөр дэлгүүр дээрэмдсэн хоёр эр толгойдоо тарвас өмссөн байжээ. Тэдний сонгосон баг хэтэрхий үр дүнтэй байснаас уу, тус хотын цагдаа нар сэжигтнүүдийг илрүүлж чадалгүй, тэдний зургийг цахим сүлжээнд тавин, иргэдээс тусламж хүсэхэд хүрчээ.
Өнгөрөгч бямба гарагт сэжигтнүүдийн зургийг ил болгосны дараа бүс нутгийн оршин суугчид тэр даруй тэднийг хаана харснаа цагдаа нарт мэдэгдсэнээр, албаныхан 20 настай Жастин Рожерсийг баривчилжээ.
Түүнийг коронавирусийн үеийн шаардлагын дагуу амны хаалт зүүгээгүй, насанд хүрээгүй байж архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болон бүлэг дээрэм, хулгайн хэргээр саатуулсан байна. Харин түүний хамтрагчийг цагдаа нар одоо болтол эрэн сурвалжилж байгаа юм.
Дээрмийн үеэр дэлгүүрт байсан үйлчлүүлэгч Кэндис Вэндт тарвас өмссөн хэрэгтнүүдийг тэнэг, ухаантай хоёрын яг голд байгаа гэв. Харин сэжигтнүүд энэхүү үйл явдлыг цуврал бичлэг болгон “ТикТок” дээр тавьсан байсан нь саяхан илэрсэн юм.
Эх сурвалж: huffpost.com, independent.co.uk
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.