Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд өгсөн.
Тус үүргийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн байгууллагатай хамтран нийтийн гудамж талбай, автобусны буудал, олон нийт цуглардаг үйлчилгээний байгууллагууд болон гэр хорооллын модон жорлонд халдваргүйжүүлэлт хийж байна.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг сандал, хогийн сав, автобусны буудал зэргийг зориулалтын халдваргүйжүүлэлтийн бодис, хөөсөөр угааж цэвэрлэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг гурван талбайг угааж, цэвэрлэжээ.
Одоогийн байдлаар 9 дүүргийн хэмжээнд 13,816км урт гудамж замд халдваргүйтгэл хийжээ. Энэ сарыг дуустал дүүрэг бүрт тусгай зориулалтын 7 автомашинаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай, бохирдолтой булан тохойд хийнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.