Johnson & Johnson корпораци нярайн нунтгийг АНУ болоод Канад улсын нутаг дэвсгэрт худалдаалахыг хориглох шийдвэрийг гаргажээ. Корпорацийн зүгээс хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дахин үнэлэх ажлын хүрээнд уг шийдвэрийг гаргасан байна.
Сүүлийн жилүүдэд тус корпорацийн үйлдвэрлэн гаргадаг нярайн нунтаг зэрэг талькийн төрлийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой олон арван мянган хэрэглэгч гомдол гаргаж шүүхэд зарга үүсгээд байгаа юм. Тэр дундаа хэрэглэгчдийн хамгийн сайн мэдэх Baby Powder нярайн нунтгаас болж хорт хавдар туссан хэрэглэгч цөөнгүй байдаг.
Хэдийгээр бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хоёр ч том зах зээл дээр зогсоосон ч компанийн зүгээс нунтаг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюулгүй хэмээн байр сууриа хамгаалж шүүх танхимд үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ мэдэгджээ. АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газраас Johnson & Johnson-ы үйлдвэрлэсэн нярайн нунтгаас асбест буюу шилэн хөвөн илэрсэн тул эргүүлэн татахыг шаардсан. Үүний дагуу компани 33,000 ширхэг бүтээгдэхүүнээ эргүүлэн татахаар болсон юм.
Хэрэглэгчдийн шүүхэд гаргасан гомдлын дагуу нярайн нунтагт шилэн хөвөнгөөс гадна хорт хавдар, өмөн үү өвчин үүсгэгч каркиноген агуулагдсан гэжээ. J & J бүх гомдлыг үгүйсгэсэн ч бараа бүтээгдэхүүнээ зах зээлээс татаж буй анхны тохиолдол юм. Нярайн нунтаг нь тус компанийн АНУ-ын зах зээлд нийлүүлдэг эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүний 0,5 хувийг эзэлдэг байна.
Хүүхдийн эмч нар хүүхдийн арьсны нүх сүвийг бөглөх, арьсыг эмзэгшүүлж халдварлуулах өндөр эсрдэлтэй тул тальк, нунтаг хэрэглэхгүй байхыг хэдэн арван жилийн турш зөвлөсөөр ирсэн билээ. Нярайгаас гадна латекс бээлий, бэлгэвчний тослог байдлыг дарах зориулалтаар тальк хэрэглэдэг нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.