Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан мэдэгдсэн.
Энэ хүрээнд өнөөдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас Баянзүрх дүүрэгт стандартын шаардлага хангахгүй байгаа хашааг буулгаж байна.
Түүнчлэн БЗД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэр дээр “Хамтын хөгжил констракшин” ХХК-ийн 60 айлын орон сууцны хашааг албадан буулгалаа. Албадан буулгалтын холбогдох зардлыг иргэн, аж ахуй нэгж байгууллагаас нөхөн төлүүлэх юм. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгаас үүдэн амьдрах орчны аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлж буй талаар иргэдээс санал гомдол их ирж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангаагүй хашаа хайсыг цэгцлэх чиглэлийн хүрээнд иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулахуйц 194 байршилд хашааг шинэчлэхээр судалгаа гаргасан байна. Орчны аюулгүй байдлыг хангах, нурж эвдэрсэн хашаа цэгцлэх ажлыг ирэх сарын 01-нд дуусгах аж.
Энэ хүрээнд зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг нэгдсэн стандартын дагуу тохижуулах, явган хүний зам талбайг сүйтгэж барилгын ажил хийж байгаа компаниудад нийтийн эзэмшлийн гудамж талбайг нөхөн сэргээх ажлыг хийлгэж хяналт тавина.
Хашаа хайсны нэгдсэн стандарт, мөн улс нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын бүрэн бүтэн байдал, орчны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас өнгөрсөн жилийн хувьд орчны аюулгүй байдлыг хангаагүй 379 барилгын түр хашааг шинэчлэх сайжруулах ажлыг хийсэн. Энэ жил улс нийслэлийн хөрөнгөөр хийгдэж байгаа 429 бүтээн байгуулалтын ажил бий. Эдгээр ажлуудад орчны аюулгүй байдлыг хангуулах 14 баримт бичгээр хяналт тавина. Төрийн байгууллагууд стандартын баримт бичгийг мөрдөхөөс илүүтэй барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэд стандартыг мөрдөж байж иргэдийн аюулгүй байдлыг хангана гэдгийг ойлгох хэрэгтэй. Стандартыг мөрдүүлнэ гэдэг бол дан ганц төрийн байгууллагын ажил биш. Иргэдийн оролцоо чухал учраас manaikhoroo.mn цахим хуудаст чанаргүй гүйцэтгэж байгаа стандартгүй бүтээн байгуулалтын мэдээллийг өгч болно. Иргэдээс өгсөн мэдээллийн дагуу холбогдох албаныхан ажиллах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.