50 жилийн өмнө буюу 1969 оны долдугаар сарын 20-ны өдөр Нил Армстронг саран дээр алхсан анхны хүн болж, дэлхий даяарх хүүхдүүдийн үлгэр дуурайлал болсон.
Харин саяхан хийсэн нэгэн судалгаанд хамрагдсан хүүхдүүд сансарт гарсан дараагийн хүн биш YouTube од болох хүсэл эрмэлзэлтэй болох нь тогтоогджээ. “Лего”-гийн нэрийн өмнөөс “Харрис Полл”-оос явуулсан энэхүү судалгаагаар АНУ болон Их Британийн хүүхдүүд том болоод сансрын нисгэгч болохоос ютүбэр эсвэл влоггер болох нь гурав дахин их магадлалтай гэсэн үр дүн гарсан байна.
Уг судалгааны хүрээнд 8-12 насны 3000 хүүхдүүдээс том болоод эрхлэхийг хүссэн таван мэргэжлээс нэгийг сонгохыг хүсжээ. Эдгээр нь сансрын нисгэгч, хөгжимчин, мэргэжлийн тамирчин, багш, эсвэл влоггер/ютүбэр байсан аж. АНУ, Их Британийн хүүхдүүдийн хамгийн их санал өгсөн сонголт нь влоггер/ютүбэр байсан бол БНХАУ-ын хүүхдүүдийн 56 хувь нь сансрын нисгэгч болохыг хүсэж байгаа гэнэ.
Цахим судалгааг саран дээр хүн анх буусны 50 жилийн ойг тохиолдуулан хийсэн бөгөөд АНУ, Их Британи, БНХАУ-ын хүүхдүүдийг тэнцүү тоогоор хамруулсан байна. Хэдий энэ судалгааны үр дүн бүх хүүхдүүдийг төлөөлөхгүй ч Generation Z-гийн дундах ерөнхий хандлагыг илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж: Business Insider
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.