Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвараар 83 мянган хүн өвчилж, нийт 4 сая 800 мянган хүн өвчлөөд байна.
Коронавирусийн халдвар ямар ч нөхцөлд халдвар тархаж байна. Архаг суурь өвчтэй хүүхдүүдэд халдвар тусах үед хүнд өвчилж байгаа юм.
Гадаад улсаас дөрвөн орноос манай улсын иргэд зөвлөгөө мэдээлэл авсан. Худалдаа үйлчилгээний газруудад иргэд зай барихгүй байна. Улс орнууд хөл хориогоо сулруулж байгаа байгаа бөгөөд үүндээ амны хаалт зүүх, иргэдийг 1.5-2 метрийн зайнд харьцах нь вакцин гартал авч хэрэгжүүлэх хамгийн эхний том алхам хэмээн зөвлөж байгаа юм.
Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 158 иргэн эх орондоо ирсэн байна. Эдгээр иргэдээс эрүүл мэндийн үзлэг болон шинж тэмдгийн асуумжид тулгуурлан долоон хүнийг тусгаарласан байна. Тухайлбал ХӨСҮТ-д 2, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт таван хүн тусгаарлагджээ.
ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар 1 лабораторид нийт 367 давтан шинжилгээ /PCR/ хийсэн байна. Үүнд:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн,
-Ажиглах байруудад тусгаарлагдсан 315 хүн,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолооч,
-Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 17 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.
Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, эмнэлгээс дараагийн шатны тусгаарлалт руу шилжсэн байна. Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1769 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа бөгөөд 95 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын лабораториор батлагдсан нийт тохиолдол 140 байна.
Нийт батлагдсан 140 тохиолдлын 26 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 114 нь ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
Нэг хүнд эмчилгээний зардалд дунджаар 800 мянган төгрөг зарцуулж байна. Тоног төхөөрөмж нийлүүлэхээр 4.2 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдсэн байдаг. Энэ мөнгийг тоног төхөөрөмжөөс гадна эм болон эмнэлгийн ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан. Цаашид эмнэлгийн болон эм, хэрэгслийн бэлэн байдлаа хангаж, нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа.
Түүнчлэн БНСУ-д коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 256 хүний ойрын хавьтал болох 700 гаруй хүнд халдвар тараасан эсэхийг судлахад халдвар аваагүй байсан. Гэхдээ энэ бүхэн судалгааны түвшинд явж байгаа гэдгийг холбогдох албаныхан хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.