Австрали улсын Сидней хотын орчимд ойрын 30 жилийн хугацаанд тохиогоогүй их хэмжээний бороо орж, үер буусан байна. Үер, борооны ачаар Шинэ Өмнөд Уэльс мужид ассан хоёр том түймэр унтарчээ.
Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд 391,6 мм хуртунадас унасан нь хоёрдугаар сарын дундаж хуртунадасны хэмжээнээс гурав дахин их байгаа юм. Үерийн улмаас 100,000 айл гэрэл цахилгаангүй болж албаны хүмүүс ард иргэдийг амь насаа хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.
Шинэ Өмнөд Уэльс нутагт ассан хоёр түймэр унтарсан ч 17 түймэр ассан хэвээр байгааг эх сурвалж дамжуулав. Цаг уур судлаачид түймэр унтрах сайн талтай ч үерийн ус их хэмжээний хог хаягдал, үнс нурам дагуулан урсах эрсдэлтэй гэдгийг сануулжээ.
Сидней хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд 200 орчим иргэнийг аврагчид үерийн аюулаас аварсан байна. Хотын төмөр зам, усан замын тээвэр түр саатаж, олон арван сургууль хаалгаа барьжээ.
Эх сурвалж: BBC