Чили улсад коронавирусийн тархалтаас сэргийлж тогтоосон хатуу чанга хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн жагсагчид нийслэл Сантьяаго хотын захад цагдаа нартай ширүүн мөргөлджээ.
Жагсагчид хорио цээрийн дэглэмийн үеэр хоол хүнсний хомсдолд орж, эдийн засаг хүнд байгааг эсэргүүцсэн байна. Орон нутгийн телевизийн дамжуулснаар цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, даралтат усаар шүршиж Эль Боскийн гудамжуудыг цэвэрлэхийг оролджээ. Хотын энэ хэсэгт ядуурал хамгийн их байдаг юм.
Эль Боскийн босогчид чулуу шидэж, гал тавьсан бөгөөд тус дүүргийн засаг дарга Сади Мело иргэд өлсгөлөн, ажилгүй байгаа тул буруутгах аргагүй хоёр талтай нөхцөл байдал үүссэнийг хэлжээ. Дүүргийн захиргаа өлсгөлөн, ядууралд нэрвэгдсэн иргэдэд 2,000 ширхэг савласан хоол тараасан ч хүрэлцээгүй байна.
Ерөнхийлөгч Себастьяан Пинера телевизээр дамжуулан мэдэгдэл хийж ядуу ард иргэддээ хоол хүнсний тусламж үзүүлэхээ амлажээ. Төрийн тэргүүн ирэх долоо хоногт 2,5 сая баскетын хоол хүнсний тусламжийг хотын зах руу илгээхээр шийдэв. Чили улсад одоогийн байдлаар коронавирусийн 46,000 тохиолдол бүртгэгдэж, 500 орчим иргэн нас бараад байна.
Нийслэл хотод халдварын тохиолдол эрс нэмэгдсэн тул өнгөрсөн долоо хоногт хот даяар хөл хорио тогтоожээ. Даваа гарагт тус улсын Сенатын танхимын олон арван гишүүн, Засгийн газрын хоёр сайд халдвар авсан албан тушаалтнуудтай ойроос харьцсан тул урьдчилан сэргийлэх үүднээс өөрсдийгөө тусгаарласан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.