БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол харьцангуй намжаад байгаа ч өнгөрсөн долоо хоногуудад шөнийн клубууд халдварын голомт болсныг мэдээлсэн билээ. Энэ удаад дотор ажилладаг бялдаржуулах төвүүд халдвар тархах эх үүсвэр болсныг Өмнөд Солонгосын судлаачид мэдээлжээ.
Бялдаржуулах төвийн бүжгийн анги 112 хүнд Ковид-19-ийн халдвар тараасан байна. Энэ явдал өнгөрсөн хоёрдугаар сард болж, гуравдугаар сарын 9-ний өдөр халдварлагсдыг илрүүлсэн боловч чухам ямар замаар богино хугацаанд эрчимтэй халдварласныг мэргэжилтнүүд нэхэн судалжээ.
Бялдаржуулах төвийн 30 орчим дасгалжуулагч дөрвөн цагийн турш халдвар анх илэрсэн Чёнанд бэлтгэл хийсэн ба тухайн үед халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Удалгүй дасгалжуулагчдын найм нь коронавирусээр халдварласныг тогтоожээ.
Үүнээс улбаалж 12 төвийн 112 хүнд коронавирус илэрснээс дасгалжуулагч болон суралцагчдын хоорондын шууд харилцаанаас халдварласан тохиолдол тэн хагасаас илүүг нь эзэлж байна. Зарим нь хичээлээс гадуур өөр хүмүүст халдаасан тохиолдол ч байгаа ажээ. Суралцагчид багштай хамт хичээллэснээс 3-4 хоногийн дараа шинж тэмдэг илэрч эхэлсэн байна.
БНСУ-ын Засгийн газар бялдаржуулах төвүүд чийгтэй, хөлсөрхөг тул коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс гэж үзэн хаасан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.