Коронавирусийн халдвараар дэлхийн 4,8 сая иргэн халдварлаж, 316,000 хүн нас бараад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-д халдварын 281,000 тохиолдол бүртгэгдсэнээр Испани улсыг давж АНУ-ын дараа хоёрдугаарт бичигджээ. Түүнчлэн Өмнөд Америкийн Бразил улсад 241,000 иргэн халдвар авч, 16,000 хүн нас барснаар Итали, Франц улсуудыг давж тавдугаарт орсон байна.
Бразил улсын ихийн их хот гэгддэг Сан Паулогийн захирагч Бруно Ковас хотын эмнэлгүүд хүчин чадлынхаа 90 хувьд хүрч ажиллаж байгаа бөгөөд вирусийн тархалт энэ хэвээр нэмэгдсээр байвал ирэх хоёр долоо хоногийн хугацаанд өвчтөнүүдэд хэвтэх ор хүрэлцээгүй болж эрүүл мэндийн тогтолцоо бүхэлдээ нуран унахад ойрхон байна гэдгийг анхааруулжээ. Сан Паулод бараг 3,000 хүн нас бараад байгаа бөгөөд халдвар өргөн тархсан бүс нутагт багтаж байна. Хотын дарга Ковас хорио цээрийн дэглэм тогтоохоор мужийн захиргаатай хэлэлцэж эхэлжээ.
Тус улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8,000 орчим шинэ тохиолдол, 485 эндэгдэл бүртгэгджээ. Мэргэжилтнүүд халдварын тохиолдол бодитоор тоологдоогүй тул одоо мэдэгдэж байгаагаас илүү олон хүн коронавирусээр халдварласан хэмээн анхааруулж байна.
Ерөнхийлөгч Жайр Болсонаро анхнаасаа коронавирусийн халдвараас сэрэмжилж, ард иргэдээ хамгаалаагүй гэсэн шүүмжлэлийг дотоодод болон гадаадаас хүртэж байна. Тэрээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн амны хаалт зүүх, нийтээс зай барих дүрмийг эсэргүүцэж ирсэн бөгөөд ням гарагт нийслэл Бразилиа хотод дэмжигчид болон хүүхдүүдтэй хамт зургаа авахуулжээ. Болсонаро хорио цээр, нийтээс зай барих нь эдийн засгийг сулруулж, ажилгүйдэл, өлсгөлөнг газар авахуулахаас өөр үр дүнгүй хэмээн зөрүүдэлсээр байна. Мөн Ковид-19 бол ердөө ханиад, тиймээс тархах нь энгийн үзэгдэл гэжээ.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Болсонаро бялдаржуулах төв, гоо сайхны газруудыг дахин нээхээр болсныг ил тодоор шүүмжилсэн Эрүүл мэндийн сайд Нелсон Тейч ажлаа огцорсон юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.