Египетийн Засгийн газар амралт зугаалгын хотуудад байрлах зочид буудлуудын коронавирусийн эсрэг арга хэмжээ болон орон нутгийн жуулчдад зориулан хэсэгчлэн нээхэд бэлэн байгаа эсэхийг энэ пүрэв гарагаас эхлэн шалгаж эхэлжээ.
Зочид буудал, амралтын газруудыг эргэн нээх энэхүү шийдвэр нь засгийн газрын цар тахалтай тэмцэхийн хажуугаар эдийн засгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх “зэрэгцэн орших” төлөвлөгөөтэй холбоотой аж. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр үүд хаалгаа эргэн нээх хүсэлтэй нийт 172 зочид буудал шалгалт хийлгэхээр өргөдөл гаргасан байна.
“Зөвхөн COVID-19-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангаж байгаа зочид буудлуудыг нийт багтаамжийн 25 хувьд тэнцэх хэмжээний орон нутгийн зочид, дотоодын жуулчдыг хүлээн авахыг зөвшөөрөх болно” хэмээн Аялал жуулчлалын туслах сайд Абдель-Фаттах аль-Ааси тайлбарлав. Мөн тэрээр шалгуурт нийцсэн зочид буудлууд энэ сард тохиож буй исламын шашинтнуудын ариун “Рамадан” сарын төгсгөлд болох Eid al-Fitr баярын үеэс эхлэн зочид хүлээж авах боломжтой талаар мэдээлжээ.
Тавдугаар сарын 14-ны байдлаар Египет улсад нийт 10,829 коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнээс 571 хүн нас барж, 2,626 нь эдгэрээд байна.
Эх сурвалж: Xinhua
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.