ХБНГУ хилээ шат дараалалтайгаар, орон орноор нээхээр болсноо мэдэгдлээ. Эхний үе шат маргаашаас эхлэх бол дараагийн арга хэмжээнүүд зургаадугаар сарын 15-наас эхлэх аж.
Хамгийн түрүүнд Люксембургтэй залгаа хилээ маргааш бүрэн нээснээр Люксембург руу явах болон ирэх аялал ямар ч хязгаарлалтгүй болно. Үүний дараа Франц, Австри, Швейцартай хиллэх хилийн хяналтыг сулруулна. Одоогийн байнгын хяналт шалгалтыг бууруулж, санамсаргүй шалгалтуудын үйл ажиллагаанд шилжихээр болжээ. Түүнчлэн илүү олон хил нэвтрэх цэгүүдийг нээх ба бизнесийн аялал болон гэр бүлийн айлчлалыг зөвшөөрөх гэнэ.
Германы Засгийн газар зургаадугаар сарын дундуур гэхэд "Европоор чөлөөтэй аялах" зорилтыг тавиад байна. Зургаадугаар сарын 15-нд Франц, Австри, Швейцартай залгаа хилийг бүрэн нээж, бүх хязгаарлалтыг цуцална. Бусад улсуудаас ч бас зочид хүүлээн аваах талаар хэлэлцэж байгаа ч одоогоор шийдвэр гараагүй байгаа юм. Эхний ээлжид шууд хил залгаа болон Европын Холбооны орнуудыг авч хэлэлцэж байгаа аж. ОХУ, АНУ зэрэг улсуудын халдварын нөхцөл байдлын улмаас хил нээх магадлал бага гэж үзэж байна.
Тус улс гуравдугаар сарын 16-ноос эхлэн бараг бүх хилээ хаасан бөгөөд зөвхөн ачааны машины жолооч нар, хил дамнан зорчих хүмүүс, эмнэлгийн мэргэжилтнүүд зэрэг зайлшгүй шалтгаантай хүмүүсийг хилээрээ нэвтрүүлж байгаа. Энэхүү жагсаалтыг удахгүй өргөжүүлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Deutsche Welle
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.