Ковид-19 цар тахал анх илэрсэн БНХАУ-д коронавирусийн халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдэлгүй нэг сарын хугацаа өнгөрчээ. Үндэсний эрүүл мэндийн хорооны танилцуулснаар өнөөдрийн байдлаар вирусийн дөрвөн шинэ тохиолдол илэрч нийт 82,933, эндэгдэл 4,633 байна. Тус улс халдварын тархалтаар тэргүүлж байсан бол одоогоор 11 дүгээрт бичигдэж байна.
Ойрын хугацаанд халдвар олноор илэрч буй Жилин хотод дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Хятадад дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс хойш вирусийн улмаас иргэд нас барсан тохиолдол гараагүй ажээ.
Улс орны хэмжээнд Ковид-19-өөр халдварласан 91 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 623 иргэн тусгаарлагдан хянагдаж байна. Тэдгээр тусгаарлалтад байгаа хүмүүст шинж тэмдэг илрээгүй ч халдвар авсан сэжигтэй тохиолдол байж магадгүй гэж үзжээ.
Хорио цээрийн дэглэмийг сулруулсан ч нийтээс зай барих, гадны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх дүрэм журмыг хэрэгжүүлж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсад томоохон үйлдвэрүүд, жижиг дунд бизнесүүдийг эргэн нээжээ. Энэ сарын сүүлээр жил бүр болдог Ардын төлөөлөгчдийн их хурлыг хийхээр төлөвлөж байгаа ч хэвлэлийн ажилтнууд болон бусад оролцогчдыг өндөр түвшинд хянаж, хязгаарлах ажээ.
Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн тархалтаас үүдэж Хятадтай холбоо харилцаагаа бүрмөсөн тасалж магадгүй хэмээн мэдэгдсэн байна. Fox Business-т өгсөн ярилцлагадаа “Ковид-19-ийн тархалтыг тогтоон барьж чадаагүйд Хятадад тун сэтгэл дундуур байгаа, яг одоо Си Зиньпинтэй яримааргүй байна” гэжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.