Хавдар судлалын үндэсний төвд яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц, гарцыг нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн сард Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон билээ. Энэ дагуу өнөөдөр тус газрын орох, гарах гарцыг хаасан хашааг нураав.
Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс өссөөр байгаа бөгөөд манай улсын хувьд жилдээ 6000 орчим иргэн оношлогдож, 4000 гаруй иргэн нас барж байгаа тоон үзүүлэлт гарчээ. Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын үндэсний төв нь өнөөгийн байдлаар өдөрт 1000 гаруй иргэн үйлчлүүлдэг бөгөөд эмнэлгээр үйлчлүүлэхэд ганцхан орц гарцтай улмаас эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэхэд хүндрэлтэй, замын түгжрэлд орж цаг хугацаа алддаг талаар тус эмнэлгийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү тайлбарлаж байсан.
Тэрбээр хэлэхдээ “Хавдар судлалын үндэсний төв өндөр хүчин чадал бүхий цөмийн цацраг изотопын үүсгүүртэй туяа эмчилгээний аппаратуудыг ашигладаг. Улсын онцгой объектын хувьд цацрагийн, гал түймрийн болон бусад гамшиг тохиолдох үед орц гарцаас шалтгаалаад өндөр эрсдэл учирч болзошгүй байна. Автобусны буудалтай хэсэгт ганцхан орц гарц бий учраас иргэд түгжрэлд орж эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авч чаддаггүй. Орц гарцыг нэмэгдүүлэх судалгааг 2017 оноос гаргаж, эрх бүхий байгууллагуудад хандсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй" хэмээн хэлж байсан билээ.
Хавдар судлалын үндэсний төвийн хоёр гарцыг өмнө нь нээж байсан.
Эмнэлгийн баруун хойд талд байрлах хоёр хэсэгт аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашин орж гарах орц гарцыг нээх үүргийг холбогдох албаныханд үүрэг болгосон байдаг.
Хавдар судлалын үндэсний төвийн зүүн хэсэгт зөвшөөрөлгүй сэндвич барилга барьсан аж ахуйн нэгжийг 72 цагийн дотор газраа чөлөөлж, орц гарц нээх асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг хариуцан шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.
Ийнхүү Хавдар судлалын үндэсний төвийн 4 байршилд орц гарцыг нэмэгдүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.