СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-05-15

LIVE: ЧУУЛГАН: Ноолуурын кг тутамд 20 000 олгох төсөл батлагдлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан, МАН-ын олонхи болсон парламент отгон чуулганыхаа хаалтыг хийх гэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар малчдад кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгөх тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ноолуурын ханш зах зээлийнхээ ханшаар явж байхад улам л бухимдал нэмээд байна. 300 тэрбум төгрөгийг үйлдвэрлэгчдэд өгч, малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах гурван талын гэрээний асуудал яригдсан. 300 мянган тэрбум төгрөгийг хэчнээн компани  100 мянган төгрөгийн нөхцөлөөр авсан юм бэ. Нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгнө гэж хэлснээс хойш ноолуурын үнэ өнөөдөр хэдэн төгрөг байна вэ. Экспорт хумигдсанаар ноолуурын экспорт дангаараа хэдэн хувиар буурав. Ноолуураа хадгалсан малчид хэзээ ноолуураа борлуулах юм бэ.  Манайд 10 мянган тонн ноолуурыг шингээх газар байхгүй.

Ноолуурыг  зургаан сараас дээш хадгалах боломжгүй, чанарт нь нөлөөлнө. Чанаргүй ноолууртай малчид үлдэх вий. Энэ талаар авч буй ямар бодлого байна вэ? Үр тариа тариаланчдад 150 тэрбум төгрөг олгоно гээд хэлчихсэн. Өнөөдөр энэ зээлийн ач холбогдол үгүй болж байгаа юм биш үү.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуур бэлтгэхэд зориулж Хөгжлийн банкнаас эх үүсвэр гаргаж арилжааны банкуудаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр ЗГ-аас гарсан. Энэ хугацаанд банкуудад бүтцийн өөрчлөлт орж тодорхой хугацаа шаардагдсан байх. Өнөөдрийн байдлаар энэ зээлийг  гар дээрээ  авсан компани одоогоор алга. Банкуудын хооронд гэрээ, хэлэлцээр хийгдэж бэлэн болсон. Ирэх долоо хоногоос зээл гар дээр нь очих байх гэж найдаж байна.

Одоогийн байдлаар дэлхийн ноолуурын ханш өмнөх оны мөн үед 107.2 ам.долларын үнэтэй байсан бол өнөөдөр 92.8 ам.доллар болж, буурсан үзүүлэлттэй байна. Хятадын зах зээлд Монголын цайвар ноолуур кг нь 740 юань, угаасан ноолуур 330 юань байна. Энэ нь өнгөрсөн оноос 17 хувийн бууралттай.

Зах зээлийн үнийн өөрчлөлтийн тухайд ажлын хэсэг мэдээлэл өгнө. Ноолуур бэлтгэлийн ажил бүрэн жигдрээгүй байгаа.  Одоогоор түүвэр судалгаанууд хийгдэж байна. Экспортын хэмжээг өнгөрсөн жилтэй харьцуулахад одоогоор ноолуурын бэлтгэл ажил жигдрээгүй учраас ноолуурын экспорт хийгдээгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Банк санхүүгийн салбарын өөрчлөлтийг хийх гэж оролдож байгаа цаг үед мөн сонгуулийн өмнө Монгол Улсыг үл тоож, доромж байдлаар хандсан Европын холбооны шийдвэрт Монгол Улс гадаад бодлогоороо дамжуулж хариу арга хэмжээ авах цаг нь болсон. Ийм учраас УИХ мөн АБГББХ-оос Засгийн газар, ГХЯ-д энэ чиглэлээр ажиллуулах үүрэг даалгаврыг өгөх ёстой. Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүс нутаг төдийгүй олон улсын ажиллагаатай байгууллагууд дотор өөрийн гэсэн хүрээлэл, дэмжлэгтэй болж чадсан. Ялангуяа Төв Азийн бүс нутагт манайх шиг ил тод, парламентын засаглалтай улс орон ховор.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Олон сар малчдын дунд маргаан дагуулсан ноолуурын асуудал шийдэгдэж байна. Энэ тогтоолыг 300 мянган малчин хамгийн их хүсэн хүлээж байгаа. Малчин өрх бүр анхаарал хандуулж суугаа. Малчдадаа кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн нөхөн олговор олгож байгаа нь зөв. Засгийн газар шуурхай хэрэгжүүлэх байх. Архангай аймаг малын тоогоороо улсдаа тэргүүлсэн аймаг. ХХААХҮ-ийн сайд алдаатай мэдээлэл өгч, Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрч байсан юм гэж хэлсэн. Уучлалт гуйгаагүй л байна. Сайдад хэлэхэд өнгөрсөн жил Архангайн ноолуур 136 мянган төгрөг хүрсэн шүү.

Эцэст нь хуралдаанаар малчдад кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгөх тухай тогтоолын төслийг баталлаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.